
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газар болон УИХ-ын гишүүдээс өргөн мэдүүлсэн татвартай холбоотой зургаан хуулийн төслийг хэлэлцэнэ. Эдгээр хуулийн төслийн нэг нь УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын 32 хүний өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Уг хуулийн төслийн агууга нь ХХОАТ-ыг бууруулж нэг хувь болгох юм. Төслийг нь УИХ хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан хууль санаачлагчид мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "ХХОАТ 10 хувь байгааг нэг хувь болгохоор хууль санаачилсан юм. Инфляцын өсөлт, төгрөгийн ханшийн сулралтай холбоотойгоор иргэдийн амьдрал хүндэрч байна. Тиймээс иргэдийн гар дээр очих мөнгийг өсгөх нь чухал. ХХОАТ-ын орлогыг бүрдүүлж байгаа байнгын ажилтай 975 мянган иргэн бий. Эдгээр иргэд бол дундаж давхарга. Цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй, зээлээс зээл, өрнөөс өрний хооронд амьдарч байгаа. Тиймээс иргэд гадагшаа явах хүсэлтэй болсон. 60 хүртэлх насны иргэдийн 60 хувь нь гадагшаа явах хүсэлтэй гэсэн судалгааны дүн бий. Энэ бол орлого нь амьдралд нь хүрэхгүй байгаатай шууд холбоотой" гэв.