АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Цагаан ордонд эргэж ирснийхээ дараа худалдааны харилцаатай улс орнуудтайгаа татварын дайныг эхлүүлсэн. АНУ руу импортолдог бараа бүтээгдэхүүнүүдэд харилцан адилгүй байдалтайгаар татварыг нь нэмэх шийдвэрийг танилцуулсан юм.

Цагаан ордон бусад улс орнуудын импортын бараа бүтээгдэхүүнд оноосон татварыг нэмэх шийдвэрээ 90 хоногийн хугацаатай хойшлуулсан. Тэр хугацаа нь энэ долоо хоногт дуусгавар болж байгаа юм.

Тэгвэл Ерөнхийлөгч Трамп 14 улсын бараа бүтээгдэхүүний татварыг нэмэх шийдвэрээ хэрэгжүүлэх хугацаагаа дахин сунгаж хойшлууллаа. Өөрөөр хэлбэл 14 улсын барааны татварыг нэмэх шийдвэр хэрэгжих хугацааг наймдугаар сарын 1-ний өдөр болтол сунгасан байна.

Эдгээр 14 улсын тоонд АНУ-тай худалдаа хийдэг худалдааны дүнгээр дээгүүрт бичигддэг, Америкийн Ази дахь худалдааны гол түншүүд гэж хэлж болох Япон, Өмнөд Солонгос улсууд багтжээ. Трамп Япон болон Өмнөд Солонгос улсуудын импортын бараа бүтээгдэхүүний татварыг 25 хувь болтол нэмсэн юм.

Эдгээр 14 улсын импортын барааны татварыг нэмэх шийдвэрийн хэрэгжих хугацааг дахин хойшлуулсан нь хоёр улсын хоорондын харилцаа холбооноос шалтгаалж байна гэдгийг Трамп мэдэгдсэн байна.

Трамп улс орнуудын импортын барааны татварыг өсгөх нь Америкийн бизнес эрхлэгчдийг гадны компаниудын өрсөлдөөнөөс хамгаалах зорилготой гэж танилцуулсан. Мөн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг бий болгоно гэж өөдрөгөөр харж байгаа юм.

Гэвч эдийн засагчид Трампын үйлдэл АНУ-д үнийн хөөрөгдлийг бий болгож, худалдааны дүнг бууруулна гэж таамаглаж байна.

Америкийн худалдааны хамгийн том түнш Канад, Хятад, Мексик, Европын холбоо бөгөөд араас нь Япон улс ордог. Өнгөрсөн жил Америк, Япон улсууд 148 тэрбум ам.долларын худалдаа эрхэлжээ. Харин Өмнөд Солонгос улс АНУ-тай хийдэг худалдааны дүнгээрээ аравдугаарт эрэмбэлэгддэг байна.