
XX зууны эхэн үеийн Европын авангард утга зохиолын туйлын содон төлөөлөгч, модернистуудын тэргүүн эгнээнд жагсагчдын нэг Блез Сандрар энэ өдөр төржээ. Түүний бүтээлүүд аялал, хот, дайн, хурд, технологи, дурсамж, адал явдал зэрэг өргөн сэдвийг хамардаг. Ийнхүү түүний таван гол бүтээлийг уншигчдад нэрлэж байна.
THE PROSE OF THE TRANS - SIBERIAN AND OF LITTLE JEHANNE OF FRANCE
Уг бүтээл бол Сандрарын нэрийг авангард яруу найргийн түүхэнд баттай үлдээсэн хамгийн чухал зохиолуудын нэг. Транссибирийн төмөр замаар зорчих хөдөлгөөн нь энд зүгээр нэг газарзүйн аялал биш, харин хүний ой санамж, айдас, хүсэл тачаал, ганцаардал, хот суурин, дайны дүрслэлүүдийг нэгэн зэрэг тээсэн сэтгэлийн аялал болж хувирдаг. Шүлгийн мөрүүд галт тэрэгний хурдаар урагшилж, нэг дүр зураг нөгөөгөөрөө солигдох бөгөөд Сандрар уламжлалт яруу найргийн эмх цэгцээс зориуд татгалзаж, орчин үеийн амьдралын хэмнэлийг хэлний өөрийнх нь хөдөлгөөнөөр бий болгодог.
Энэ бүтээлийн бас нэг онцлог нь зураач Соня Делонегийн өнгө, дүрслэлтэй нэгдсэн “симультанист” хэлбэр юм. Өөрөөр хэлбэл үг болон өнгө, дүрс хоёр нэгэн зэрэг хөдөлж, уран зохиол ба дүрслэх урлагийн хил заагийг арилгана.
PANAMA, OF THE ADVENTURES OF MY SEVEN UNCLES
Сандрар өөрийн амьдралын туршид аялал, адал явдал, газар орны тухай домогт татагдаж ирсэн бөгөөд энэ бүтээлд тус сонирхол нь бүрэн бүтэн илэрдэг. “Долоон авга” гэх дүрслэл нь бодит хүмүүсийн тухай өгүүлэхээс илүү дэлхий ертөнцийг өөр өөр хаалга, өөр өөр хувь тавилангаар нээж буй мэт санагдуулна. Панамын суваг, Америк тив, алс холын улс орнуудын тухай төсөөлөл нь энд бодит аяллын тэмдэглэлээс илүү орчин үеийн хүний дэлхийгээр тэнэх хүслээс бүтсэн домог болон хувирдаг.
Сандрарын хувьд аялал гэдэг нэг газраас нөгөө рүү шилжих хөдөлгөөн биш. Аялж буй хүн өөрийн доторх “би”-гээ хүртэл тэлж, өөр ертөнцүүдийн дунд дахин бүтээдэг. Тиймээс энэ бүтээлд газарзүйн зай улам ихсэх тусам хүний дотоод ганцаардал ч бас тодордог. XX зууны эхэн үеийн шинэ ертөнцийг үзэх хүсэл, адал явдалд тэмүүлэх романтик төсөөлөл, модернизм гурвыг уг бүтээлд чадмаг сүлжжээ.
GOLD: THE FABULOUS STORY OF A MOUNTAIN OF GOLD
"Алт" бол Сандрарын хамгийн алдартай романуудын нэг бөгөөд Америкийн адал явдалт түүхийн нэгэн домогт дүр болох Иоганн Август Суттерийн хувь тавиланг өгүүлдэг. Суттер асар их газар нутаг эзэмшиж, хүчирхэг эзэнт гүрэн байгуулах шахсан боловч Калифорнид алт олдсоноор түүний бүх ертөнц нурж эхэлдэг. Энд алт гэдэг зүгээр нэг үнэт металл бус, хүний шунал, капитализм, мөрөөдөл, сүйрлийн бэлгэдэл болж хувирна.
Сандрар Суттерийн түүхийг бичихдээ нэг хүний намтрыг өгүүлж байгаа мэт боловч цаана нь Америкийн тухай асар том домгийг задлан харуулдаг. Хүн өөрийн гараар бүтээсэн ертөнцөө өөрийн гараар сүйтгэж болох тухай энэ түүх орчин үеийн сонгодог жишээ юм.
MORAVAGINE
Харин "Моравагин" бол Сандрарын хамгийн этгээд, зохиолчийг бараг галзуурлын ирмэгт хүргэсэн бүтээлүүдийн нэг гэж судлаачид дүгнэдэг. Гол дүр Моравагин бол нийгмийн ёс суртахуун, хууль, соёл иргэншлийн тогтоосон хил хязгаарыг үл зөвшөөрөх, хяналтгүй эрх чөлөөний туйлын дүр юм. Түүнийг дагасан аялал нь Европоос Америк, хувь хүний сэтгэл зүйгээс хувьсгалт үймээн самуун хүртэл асар олон орон зайгаар дамжина.
Гэхдээ Сандрар Моравагиныг баатар болгох гэж оролддоггүй. Харин соёл иргэншлийн гадаргын цаана нуугдаж буй харгислал, хүчирхийлэл, солиорол юу болохыг түүнээр дамжуулан харуулдаг. Энэ утгаараа роман XX зууны эхэн үеийн модернист хүний нэгэн харанхуй хөрөг болдог. Моравагин бол эрх чөлөөний тухай мөрөөдлийн эцсийн хэлбэр мэт боловч тэр эрх чөлөө ёс суртахуунаас бүрэн тасрах үед сүйрлийн өөр нэг дүр болж хувирдаг.
THE ASTONISHED MAN
Сандрарын хожуу үеийн хамгийн чухал бүтээлүүдийн нэг болох 3Аянгад цохиулсан хүн3 нь намтар, дурсамж, уран сайхан гурвыг хооронд нь уусгасан өвөрмөц ном. Дэлхийн дайнууд, аялал, нөхөрлөл, хайр дурлал, уран бүтээлчидтэй уулзсан дурсамж зэрэг нь энд нэгэн шулуун намтар болон өрнөхгүй. Харин хүний ой санамж яг өөрийнхөө мөн чанараар тасалдсан, үсэрсэн, заримдаа хэт тод, заримдаа бүдэг байдлаар өгүүлэмж нь зангидагдсан байдаг.
Сандрар нэг гараа дайнд алдсаныхаа дараа амьдрал болон уран зохиолын тухай өөр өнцгөөс харах болжээ. Тиймээс "Аянгад цохиулсан хүн" бол өнгөрсөн амьдралаа эргэн дурссан зохиолчийн энгийн намтар биш, амьдралын үй олон хэлтэрхийг уран зохиолын шинэ хэлбэрээр дахин угсрах оролдлого юм.