
Энэтхэгийн залуучуудын нэгдэл болох "Жоомны Ардын Нам" (CJP) хөдөлгөөний төлөөлөгчид саатуулагдаад буй бүх оюутан, залуусыг нэн даруй суллахыг эрх баригчдаас шаардаж, эс бөгөөс эсэргүүцлийн жагсаалаа дахин эхлүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Ассам, Баруун Бенгал, Бихар зэрэг хэд хэдэн мужид тайвнаар жагссан иргэдийг баривчлахгүй, эрүүгийн хэрэг үүсгэхгүй гэсэн амлалтаасаа Засгийн газар буцсан хэмээн хөдөлгөөний зохион байгуулагчид буруутгаж байна. Энэтхэг даяар наад зах нь 130 гаруй иргэн цагдаагийн байгууллагад саатуулагдаад байгаа юм.
Улс даяар зохион байгуулагддаг элсэлтийн шалгалтын сэдэв задарсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, хэдэн долоо хоногийн турш жагсаал цуглаан үргэлжилсний эцэст Боловсролын сайд Дхармендра Прадхан саяхан албан тушаалаасаа огцорсон юм. Сайдыг огцорсны дараа Бихар мужийн цагдаагийн газраас тус мужид баривчлагдсан бүх оюутнуудыг ямар нэгэн хуулийн хариуцлага тооцохгүйгээр суллахаа мэдэгдээд байна. Түүнчлэн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Сурья Кант шинэ Дели хотод болсон жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдын эсрэг хэт хүч хэрэглэсэн гэх мэдээллийг хараат бусаар мөрдөн шалгахыг уриалжээ. Парламентын сөрөг хүчний удирдагчид ч мөн цагдаагийн хүчирхийллийг эрс шүүмжилж, ардчилалд аюул заналхийлж буй үйлдэл хэмэн мэдэгдэв.
"Жоомны Ардын Нам" хөдөлгөөн нь 2026 оны 5 дугаар сард Абижит Дипке хэмээх залуугийн үүсгэн байгуулсан цахим платформоос эхтэй аж. Шүүх хуралдааны үеэр ажилгүй залуусыг жоомтой харьцуулсан маргаантай мэдэгдлийн хариуд залуус уг доромжлолыг өөрсдийн бэлгэдэл болгон авч, "Жоомны Ардын Нам"-ыг байгуулжээ. Богино хугацаанд сая сая дэмжигчтэй болсон уг хөдөлгөөн нь боловсролын салбарт шинэчлэл хийх, шалгалтын сэдэв задруулсан явдалд хатуу хариуцлага тооцохыг шаардан орон даяар томоохон эсэргүүцлийн хөдөлгөөн болон өргөжиж, нийгэмд хүчтэй нөлөө үзүүлсээр байна.