
Кенийн шашны гаж урсгалын удирдагчийг хүчирхийлэл үйлдэж, дагалдагчдаа албадан мацаг бариулсны улмаас 191 хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутган 200 жилийн хорих ял оноожээ. Хохирогчдын нэгээс бусад нь хүүхэд байв.
Good News International Church сүмийг үндэслэгч Пол Маккензид баасан гарагт Момбаса хотын Дээд шүүхээс ял оноосон бөгөөд түүнтэй хамт 20 гаруй хүнд ял шийтгэл ногдуулжээ.
Маккензи дэлхий ертөнц 2023 оны наймдугаар сард сөнөнө, харин дагалдагчид нь диваажинд хүрэхийн тулд мацаг барих ёстой гэж номлодог байжээ.
Хохирогчдын үхлийн талаар Кенийн Сенатаас гаргасан тайланд дурдсанаар, түүний сургаал нь “ертөнцийн төгсгөл буюу мөхлийн өдөр”-ийн тухай итгэл үнэмшилд тулгуурлаж байв. Эхлээд хүүхдүүд, дараа нь залуучууд болон эмэгтэйчүүд нас барах ёстой гэж заажээ. Харин эрэгтэйчүүд цогцсуудыг оршуулах хүртлээ амьд байж, дараа нь үхэх ёстой гэж номлодог байв.
Маккензид өлсгөлөнгийн улмаас нас барсан хүмүүсийг хөнөөсөн хэрэгт 100 жил, шууд аллага үйлдсэн хэрэгт дахин 100 жилийн хорих ял оноожээ.
Шүүхийн шийдвэрийг танилцуулах үеэр шүүгч Диана Каведза яллагдагчдад цаазаар авах ял оноогоогүйгээ тайлбарласан байна. Учир нь ийм шийтгэл нь тэднийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн оронд үхсэнийхээ дараа Есүстэй дахин уулзана гэсэн итгэл үнэмшлийг нь улам бататгаж болзошгүй аж. Мөн сураггүй болсон хүүхдүүдийн шарилыг олоход ял шийтгүүлсэн хүмүүс туслах боломжийг нээлттэй үлдээхийг хүссэн байна.
Хохирогчдын 161 нь ес болон түүнээс доош насны хүүхэд байв. Хорин хоёр нь 10–13 настай, тав нь 14–16 настай байсан бол хоёр хүний насыг тогтоох боломжгүй байжээ. Шүүгчийн хэлснээр, нийт 191 хохирогчийн 183 нь өлсгөлөнгийн улмаас нас барсан бөгөөд тэдний 182 нь хүүхэд, нэг нь насанд хүрсэн хүн байжээ. Үлдсэн найман хохирогч бүгд хүүхэд байсан бөгөөд амьсгал боогдуулах, боомилох, зодох зэргээр амь насыг нь хөнөөсөн байна.
Маккензи дагалдагчдаа гэр орноо орхиж, Кенийн зүүн хэсэгт орших Шакахола ойд нүүн очихыг ятгаж байжээ. Тэрбээр тэнд мацаг баривал бурханд ойртож, диваажинд очиход бэлтгэгдэнэ гэж амласан байна.
Шүүхээс шашны сургаалыг хүмүүсийг мацаг барихад албадан оруулах хэрэгсэл болгон ашигласан гэж дүгнэжээ. Харуулууд дагалдагчдын хөдөлгөөнийг хянаж, ойгоос гарахыг нь хориглодог байв. Эсэргүүцсэн хүмүүсийг хүчээр дуулгавартай болгодог байсан бол хүүхдүүдийг хүлж, хоол өгөхгүй, хоол идэх эсвэл зугтахыг оролдоход нь шийтгэдэг байжээ.
Маккензи баасан гарагт ял сонсох үеэрээ хэд хэдэн удаа инээмсэглэсэн байна.
Амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлснээр, ойд нас барсан хүмүүсийн үхлийг “Есүстэй хийх хурим” хэмээн тэмдэглэж, амиа алдсан хүмүүсийг “итгэлийн баатрууд” гэж үздэг байжээ.