
Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ өдгөө Исэгахама дэвжээнийхээ ояката болсон билээ.
Тэгвэл түүнийг шавь нартаа гар хүрсэн гэх мэдээлэл Японы хэвлэлээр гараад байсан юм.
Исэгахама ояката Осака хотод болсон бэлтгэлийн үеэр энэ талаар Японы Сүмогийн холбоо тодруулга авсныг баталжээ. Энэ үеэр Г.Ган-Эрдэнэ болсон үйл явдлыг дэлгэрэнгүй тайлбарласан байна.
Шавьдаа гар хүрснийхээ дараа ёкозүна асан өөрөө энэ талаар холбоонд мэдэгдэхээр шийдсэн аж. Хэрэг явдлын дараахан дэвжээнийхээ цолтой бөхчүүд болох Хакүнофүжи, Нишикифүжи нарыг холбоонд очиж мэдүүлэг өгөхийг хүссэн байна. Ингээд тэр гурав банцүкэ зарласан өдөр үйл явдлын талаар холбоонд мэдэгджээ.
Энэ талаар ёкозүна асан дэвжээнийхээ шавь нарт мэдэгдээд хариуцлага алдсандаа уучлалт гуйжээ. Тэрбээр сэтгүүлчдэд "Би холбоонд бүх болсон үйл явдлыг тайлбарласан. Одоо холбооноос ямар шийдвэр гаргахыг нь хүлээж байна. Тиймээс бүгд шийдвэр гарах хүртэл хүлээвэл талархах болно" гэв.