
Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс 2025 оны эхний хоёр сарын байдлаар иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан нийт 232 өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авчээ. Улмаар 128 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн байна.
Хяналт шалгалтын явцад нийт 10 албан тушаалтанд Авлигын эсрэг хууль, Нийтийн албан нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу сахилгын арга хэмжээг тооцуулсан байна. Тухайлбал, байгууллагын ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ удирдах албан тушаалтан Ө.Э нь хандивын мөнгийг өөрийн хувийн дансаар авсан, зарцуулалтыг тайлагнаагүй, удирдах албан тушаалтан Д.Д нь материалын бүрдэл дутуу байхад албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчид нөлөөлж, холбогдох хүсэлтийг цахим бүртгэлд оруулсан зэрэг зөрчил гаргажээ.