
Теннесси мужийн цаазаар авах ялтай хоригдол Криста Пайк хоёр удаа үхлийн тариа хийлгэсний дараа амьд үлдэж эмнэлэгт хүргэгджээ.
Хоригдол Криста Пайкийн "Биеийн байдал маш хүнд, амь насыг нь аврах эмчилгээ хийлгэж байгаа” талаар түүний өмгөөлөгч мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор тус мужийн захирагч энэ онд цаазаар авах бүх ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байна.
Пайкийн өмгөөлөгчид түүнд оноосон цаазаар авах ялыг өөрчилж, цаазаар авахгүй байх шийдвэр гаргахыг хүсэж байна. 50 настай Пайк 1996 онд Коллин Слеммерийг хөнөөсөн хэргээр цаазаар авах ял сонссон юм.
Түүний өмгөөлөгчдийн мэдээлснээр, лхагва гарагт Пайкт хоёр удаагийн үхлийн тунтай пентобарбитал тариа хийсэн боловч цаазын ял бүрэн “хэрэгжээгүй” байна. Ялыг гүйцэтгэж тариа тарьсан ч тэр амьд хэвээр байсан тул эмнэлэгт хүргэгджээ.
Лхагва гарагт Пайкийг цаазаар авах ажиллагааны өмнө шүүхийн маргаан өрнөж АНУ-ын Дээд шүүх үхлийн тариа хийх ажиллагааг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн юм.
Цаазаар авах ажиллагааг явуулахыг хүсэж байсан хүмүүсийн нэг, Теннесси мужид уг ажиллагааг гэрчлэхээр очсон хохирогч Слеммерийн ээж Мэй Мартинес бүтэлгүйтсэн ажиллагааны дараа NBC News-т “Эмх замбараагүй зүйл болсон” гэж ярьжээ.
Пайкийн өмгөөлөгчид пүрэв гарагийн үдээс хойш болсон үйл явдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ажиллагааны явцад юу болсныг тайлбарласан байна.
“Өчигдөр орой цаазаар авах ажиллагааны баг судсаар тариа хийх шугам тавих гэж нэлээд удаан оролдсон” гэж Спайви хэлжээ. Түүний хэлснээр, олон удаагийн оролдлого хийсэн ч судсанд нэвтрэх ажиллагаа амжилтгүй болсон аж. Хоёр дахь тунг хийсний дараа ч Пайк амьсгалсаар байгааг ажиглагчид мэдсэн боловч тэднийг хаалттай хөшигний цаанаас үйл явдлыг ажиглах нөхцөлд байлгасан гэж өмгөөлөгч Спайви хэлжээ.
“Тэр хөшигний цаана яг юу болж байгааг хэн ч мэдээгүй. Эмнэлгийн ажилтнууд хэрэв тусламж үзүүлж эхэлсэн бол яг хэзээ гэдгийг би мэдэхгүй байсан” гэнэ.
Пайкийн өөр нэг өмгөөлөгч Стивен Феррелл цаашид хууль эрх зүйн бусад боломжуудыг мөн судалж байгаа гэдгээ мэдэгджээ.
Теннесси мужийн захирагч Билл Ли бие даасан шалгалт явуулахыг тушаасан байна. Тэрбээр бүтэлгүйтсэн цаазаар авах ажиллагаатай холбоотой мөрдөн шалгалт “нарийн, бүрэн гүйцэд явагдана” гэж мэдэгдээд, “үүнд цаг хугацаа шаардагдана” гэдгийг онцолсон аж.
Түүний цаазаар авах ажиллагааг түр зогсоох шийдвэр нь 12 дугаар сарын 3-нд товлогдсон хүн амины хэрэгт ял шийтгүүлсэн Гэри Саттоны цаазаар авах ажиллагаанд мөн хамаарна.
Цаазаар авах ажиллагааг гүйцэтгэсэн Теннесси мужийн Хорих байгууллагын газар өөрийн үйл ажиллагааг хамгаалсан мэдэгдэл гаргажээ. Тус байгууллага “ерөнхий прокурорын газраас баталсан, хуульд нийцсэн, тогтоосон цаазаар авах ажиллагааны бүх журмыг мөрдсөн” гэж мэдэгдсэн.
Мөн мэдэгдэлд үхлийн тарианд ашигласан бодис нь өмнө нь тогтмол үр дүнтэй байсан бөгөөд тогтоосон журмаар тухайн орой хэрэгжүүлсэн арга хэмжээнээс өөр нэмэлт ажиллагаа хийхийг зөвшөөрдөггүй гэжээ.
Шүүхэд гаргасан өмгөөлөгчдийн материалд дурдсанаар, эхний оролдлого амжилтгүй болсон тохиолдолд мужийн журмын дагуу Пайкт пентобарбиталын хоёр дахь тунг өгсөн боловч тэр үүний дараа ч амьд байсан аж.
“Цаазаар авах уг ажиллагаа Пайкийг шаардлагагүй зовлонд оруулж, шийтгэлээс ангид байх эрхийг нь зөрчиж байна” гэж өмгөөлөгчид нь мэдэгджээ.
Энэ нь 2026 онд Теннесси мужийн эрх баригчид хоригдлыг цаазаар авах гэж оролдоод бүтэлгүйтсэн хоёр дахь тохиолдол боллоо. Тавдугаар сард Тони Каррутерсийг цаазаар авах ажиллагааг үхлийн тариа хийхэд шаардлагатай судсыг ажилтнууд олж чадаагүйн улмаас зогсоосон юм. Улмаар цаазаар авах ялыг нэг жилээр хойшлуулах шийдвэр гаргасан байна.