
Эдийн засаг, хөгжлийн яам Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвөө өнөөдөр нээлээ. Тус төв нь Эдийн засаг, хөгжлийн яамны нэг давхарт үйл ажиллагаа явуулах юм.
Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төвийн нээлтэд оролцсон Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр "Монгол Улс эдийн засгаа хурдасгах, тэлэх, экспортоо нэмэгдүүлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх, ажлын байр бий болгох зэрэг олон чухал зорилтыг дэвшүүлж байгаа. Эдгээрийн суурь нь хөрөнгө оруулалт бөгөөд энэ үйл явц хувийн хэвшлийн манлайлал дор явах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулалтын нөхцөл байдал төдийлөн сайнгүй байна. Тиймээс Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн хэлэлцүүлэг эхэлсэн бөгөөд Худалдааны зохицуулалтын хуулийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Үүнээс гадна төрийн хяналт шалгалтыг илүү ойлгомжтой, товч тодорхой, зөвлөдөг, дэмждэг, урьдчилан сэргийлдэг хэлбэрт шилжүүлэх шийдвэрийг гаргаад байна.
Засгийн газраас Монгол Улсыг бизнес, хөрөнгө оруулалтад ээлтэй орон болгох шаардлагатай гэж үзэж байгаа тул эрх зүйн орчин, төрийн захиргааны байгууллагын бүтэц зохион байгуулалтад бодлогын томоохон өөрчлөлтүүдийг хийхээр ажиллаж байна. Энэ хүрээнд Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв байгуулж байна. Энэ төв нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах бодлого боловсруулах, хөрөнгө оруулагчдад шаардлагатай хууль эрх зүйн мэдээллийг ил тод, хүртээмжтэй хүргэх чиглэлээр ажиллана. Өнгөрсөн хугацаанд олон хөрөнгө оруулагч Монгол Улсад гомдолтой үлдсэн. Бизнесээ алдсан, хөрөнгө оруулалтаа татсан, залилуулсан тохиолдлууд цөөнгүй. Шүүхийн шатанд дунджаар тав орчим жил зарцуулж байгаа нь бодит асуудал болж байна. Тиймээс бид шүүхэд очихоос нь өмнө хөрөнгө оруулагчдын дуу хоолойг сонсож, гомдол, маргааныг шийдвэрлэхэд анхаарч, тэдний төлөөлөл болж ажиллана.
Нөгөө талдаа хууль тогтоомж боловсруулах үйл явцад хөрөнгө оруулагчдын оролцоог хангах шаардлагатай. Өнөөдөр бизнесийн харилцааг зохицуулж буй 200 гаруй хууль байгаа бөгөөд үүний 40 гаруй нь гадаадын хөрөнгө оруулалттай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт агуулж байна. Үүнийг шийдвэрлэх зорилгоор эрх зүйн томоохон шинэчлэлийг өргөн барьсан бөгөөд хаврын чуулганаар хэлэлцэн батална гэж найдаж байна. Мөн энэхүү төв нь мэдээлэл, туршлага солилцох сургалт, судалгааны чиглэлээр ч үйл ажиллагаа явуулах юм.
Хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, өмчийн халдашгүй дархан байдлыг баталгаажуулахын зэрэгцээ эдийн засаг дахь төрийн оролцоог зохистой түвшинд барих, төр ба хувийн хэвшлийн зааг ялгааг тодорхой болгох нь чухал. Энэ ажлыг мэргэжлийн холбоод, хувийн хэвшлийн төлөөлөлтэй байнгын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлнэ.
Хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах төв нь Монгол Улс хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлж, ил тод, хариуцлагатай ажиллана гэдгийн бодит илэрхийлэл бөгөөд бид үйл ажиллагаагаа ийнхүү оны эхэнд эхлүүлж байна" гэлээ.