
Хятадын Шэнжэнь хотод болж буй өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах 28 дахь удаагийн тэмцээнд Монголын шатарчин И.Цэлмүүн рапид төрлөөс хүрэл медаль хүртлээ.
Энэ удаагийн тэмцээнд Азийн 32 орны 900 гаруй өсвөрийн шатарчин зургаан насны ангилалд өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаас 23 тамирчин оролцож байна.
Тэмцээний рапид төрлийн медальтнууд өчигдөр тодорсон бөгөөд охидын 12 хүртэлх насны (U12) ангилалд өрсөлдсөн кандидат мастер И.Цэлмүүн долоон өргөөс зургаад нь ялж, нэг удаа хожигдон хүрэл медалийн эзэн боллоо.
И.Цэлмүүн нь өсвөрийн шатарчдын Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон Дэлхийн цомын хүрэл медальт, сурагчдын Азийн хошой аварга бөгөөд "Сүү" ХК, "Босоо ноён" клубын тамирчин юм.