Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсан өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж Үндсэн хуулийн брайл хувилбарыг хэвлэн гаргажээ. Ингэснээр харааны бэрхшээлтэй иргэд Үндсэн хуулийг өөрсдийн хэрэгцээнд нийцүүлсэн хэлбэрээр унших, мэдээлэл авах боломжтой боллоо. Монгол Улсад 2024 оны байдлаар 11 мянга орчим харааны бэрхшээлтэй иргэн амьдарч байгаа бөгөөд тус номын хэвлэл нь тэдний эрх зүйн мэдээлэл авах чөлөөт байдлыг хангахад чухал ач холбогдолтой. Мөн үндсэн хуулийн брайл хувилбарын хавсралтад дуун хөрвүүлгийг сонсох QR код байршуулжээ.
Тус бүтээлийг Монголын Хараагүйчүүдийн холбооны дэргэдэх брайл хэвлэлийн төвд боловсруулж, хэвлэсэн байна. Хэвлэгдсэн номыг Үндэсний номын сан болон 21 аймаг, есөн дүүргийн нийтийн номын сангууд, хууль тогтоомжийн сурталчилгааны төвүүдээр дамжуулан иргэдэд хүргэх аж.