
Жүдо бөхийн өсвөр үеийнхний 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд болж байна. Энэ жилийн тэмцээнд аймаг, дүүрэг, бүсийн шатнаас шалгарсан 89 байгууллагын 2122 өсвөрийн жүдоч өрсөлдлөө.
Ахлах насны ангиллын охидын 40 кг-ын жинд түрүүлсэн “Женко” дэвжээний тамирчин Г.Соёл-Эрдэнэ, хөвгүүдийн 90 кг-д түрүүлсэн “Монголын жүдо академи”-ийн Б.Мөнгөндөл нарт “Ирээдүйн аварга” шагналыг гардууллаа. Мөн дунд насны охидын 63 кг-ын аварга, “Хүлэг” дэвжээний Ш.Эрдэнэсувд, хөвгүүдийн 34 кг-д түрүүлсэн “Champions” дэвжээний М.Билгүнүтэй нар дээрх шагналын эзнээр тодорчээ. Мөн энэхүү нэр хүндтэй шагналыг бага насны ангилалд түрүүлсэн М.Баттэнгэр, Б.Хүслэн нарт олгожээ.
Тэмцээний үеэр насанд хүрэгчдийн ДАШТ-д түрүүлсэн тамирчдын нэрийг улаан өнгөөр бичдэг олон улсын жишгийн дагуу өсвөрийн улсын аваргуудад нэрсийг гардуулдаг уламжлалтай. Энэ үеэр олимпын медальтнууд, дэлхийн аваргууд жин тус бүрийн өсвөрийн аваргуудын хүндэтгэлийн нэрсийг гардуулсан байна.
Өнөөдөр холимог багийн тэмцээнээр улсын аварга шалгаруулах тэмцээн өндөрлөнө.
