
Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын хуралдааны үеэр шинээр томилогдсон Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнд үүрэг даалгавар өгчээ. Ингэхдээ "Би өмнөх Засгийн газрын хуралдаанаар асуудалд холбогдож нэр нь дурдагдаж байгаа хууль шүүхийн байгууллагуудын албан тушаалтнуудыг ажлаас чөлөөлөхийг чиглэл болгосон. Эдгээр албан тушаалтнуудыг чөлөөлөх эрх нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад бий. Тиймээс өнөөдрийн дотор нэр бүхий албан хаагчдыг бүгдийг нь ажлаас чөлөөл. Сүүлийн хоёр хоногт томилогдсон бүх хүнийг ажлаас нь чөлөөл.
Хууль зүй, дотоод хэргийн салбарт эмх замбараагүй байдал үүсэж, дотоод аюулгүй байдал бий болж улстөржилт хэрээс хэтэрлээ. Та ашиг сонирхлын зөрчилгүй, төрд, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн өөрийнхөө багийг авч ирж томилох хэрэгтэй.
Орон сууцны залилантай холбоотой хуулийн төсөл бэлэн болсон. Үүнийг дараагийн долоо хоногт оруулж ир.
Хөрөнгө хураах хуулийг оруулж ир.
Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх хуулийн хэрэгжилтийг хангуул" гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайхан албан тушаалаасаа чөлөөлөгдсөн ч үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж сүүлийн өдрүүдэд зарим албан тушаалд томилгоо хийсэн юм. Түүнийг нь хүчингүй болгох үүргийг Ерөнхий сайд шинэ сайдад өглөө.