
Босни ба Херцеговин дахь Европын Холбооны энхийг сахиулах ажиллагаанд оролцож байсан Италийн цэргийн нисдэг тэрэг пүрэв гарагт осолдож, дөрвөн хүн амиа алдсан бол 11 хүн гэмтэж бэртсэн гэж Италийн Батлан хамгаалах яам мэдээллээ.
Амиа алдсан дөрвөн хүний хоёр нь Италийн армийн алба хаагч, хоёр нь Италийн Улаан загалмайн сайн дурын цэргийн корпусын гишүүд байжээ. Гэмтэж бэртсэн 11 хүн бүгд эмнэлгийн тусламж авч байгаа бөгөөд тэдний хэн нь ч амь насанд нь аюул учруулахуйц хүнд гэмтэл аваагүй гэж тус яам мэдээлсэн байна. Нисдэг тэргэнд нийт 15 хүн зорчиж байжээ.
ANSA агентлагийн мэдээлснээр нисдэг тэрэг Брчко дүүргийн Горице тосгоны нутагт унасан байна. Орон нутгийн хэвлэлүүдээр гарсан гэрэл зургуудад цэргийн тээврийн нисдэг тэрэг газар дээр хөмөрч, хэд хэдэн хэсэг болон бутарсан байдалтай харагджээ. Ослолдсон нисдэг тэрэг Европын Холбооны цэргийн хүчний хэрэгжүүлдэг “Алтеа” ажиллагааны хүрээнд үүрэг гүйцэтгэж байжээ. Уг ажиллагаа нь Дейтоны энхийн хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавих зорилготой юм.
Ослын шалтгааныг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа эхэлж осол гарах болсон нөхцөл байдлыг тодруулахаар холбогдох шалгалтууд үргэлжилж байгааг Италийн Батлан хамгаалах яам мэдээлжээ.
Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони мөн эмгэнэл илэрхийлж, X хуудсандаа “Амь үрэгдэгсэд, тэдний ар гэрийнхэн болон бүс нутагт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх ажиллагаанд оролцож, одоо сэтгэл түгшээсэн хүнд цаг мөчийг туулж буй бүх хүмүүстэй зүрх сэтгэлээрээ хамт байна” гэж бичжээ.