
Өмнөд Солонгосын “BTS” хамтлаг энэ сарын 21-нд “The Comeback Live” тоглолтоороо шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан.
Сөүл хотын төвд болсон тоглолтыг 100 мянга гаруй шүтэн бишрэгч нь үзсэн бол “Netflix” платформын шууд дамжуулалтыг дэлхийн 190 оронд дамжуулжээ. Тэгвэл өнөөдөр гарсан мэдээллээр, цахимаар шууд дамжуулсан тоглолт нь дэлхийн 77 оронд хамгийн их үзэлттэй бүтээлээр шалгарсан байна.
"FlixPatrol” хэмээх стримингийн өдөр тутмын үзэлтийн мэдээлэл хянадаг сайтаас үзэхэд “BTS” хамтлагийн тоглолт нь тус сайтын мэдээлэл цуглуулдаг бүх улсын эхний гуравт багтсан байна. Мөн тоглолтоос нэг өдрийн өмнө “BTS” хамтлаг тав дахь цомог болох “Arirang”-аа худалдаанд гаргасан бөгөөд эхний өдрөө 3.98 сая хувь борлуулагджээ. Энэхүү цомогт уламжлалт солонгос ардын хөгжмийн элементүүдийг орчин үеийн электрон бүжгийн продакшнтай хослуулсан аж.
Тоглолтын үеэр RM үзэгчдэд хандан “Бүгд үсрээрэй!” гэж уриалсан байна. Энэ үеэр шүтэн бишрэгчид нь үсэрснээс үүдэн газар доргиж, видео бичлэгийн камер хүртэл газарт унасан гэв. Мөн тоглолтын үеэр тэд шинэ цомгийн 13 дуунаас наймыг нь дуулсан бөгөөд хүчтэй бүжгийн дэглэлт, үзүүлбэрийг хослуулжээ. Тоглолтын төгсгөлд тэд “Mikrokosmos” дууг дуулж, тайзнаа хамтдаа гар гараасаа атган мэхийн ёсолж, фенүүддээ талархал илэрхийлэн шинэ үеийн эхлэлийг тэмдэглэсэн юм.