
Уур амьсгалын хямралаас шалтгаалан илүү хүчтэй болсон аадар бороо болон хөрсний гулгалтын улмаас дэлхийн хамгийн ховор хүн дүрст сармагчин болох Тапанули орангутан ийн үлдсэн нийт популяцийн 7 хувь нь үхсэн болохыг шинэ судалгаа тогтоожээ. Энэ нь уг зүйл мөхөх аюул улам нэмэгдэж байгааг анхааруулж байна.
Судалгаагаар 2025 оны арваннэгдүгээр сард Индонезийн Умард Суматра мужид дөрөвхөн хоногийн дотор 1000 мм-ээс их хур тунадас орсны улмаас устаж үгүй болсон 58 Тапанули орангутан тоологджээ. Энэ нь тухайн бүс нутгийн популяцийн 11 хувь, нийт зүйлийн 7 хувьтай тэнцэж байгаа юм.
“Ийм байдлаар маш олон хүн дүрст сармагчингаа алдах нь эмгэнэлтэй хэрэг. Популяци нь жижиг, тасалдсан газар нутагт ийм төрлийн цаг агаарын эсвэл уур амьсгалын үзэгдэл нь бүхэл популяцийн хэмжээнд нөлөөлж чадна. Энэ зүйл амьтны ирээдүй түгшүүр төрүүлж байна” хэмээн Серж Вич хэлжээ. Тэрээр судалгааны хамтран зохиогч бөгөөд судалгаа Current Biology сэтгүүлд нийтлэгдсэн.
Эрдэмтэд хиймэл дагуулын шинэ зураглалын дүнг орангутануудын нягтшлын тооцоотой нэгтгэн, Сеняар циклон хэмээх хар салхины нөлөөг үнэлжээ. Судалгаанд хамрагдсан бүс нь Батанг Тору экосистемийн Баруун хэсэг бөгөөд уул уурхай, дал модны тосны тариалан, томоохон усан цахилгаан станцын төслүүдийн дарамтад аль хэдийн өртөөд байгаа юм.
Мөн хиймэл дагуулын зураглалаар хөрсний гулгалтын улмаас орангутаны гол амьдрах орчны 8300 га, өөрөөр хэлбэл 11.7 хувь нь сүйдсэн болохыг тогтоожээ. Судлаачид чулуужсан түлш шатааснаас үүдэлтэй хүний үйл ажиллагааны уур амьсгалын өөрчлөлт хур тунадасны эрчмийг 50 хүртэл хувиар нэмэгдүүлсэн гэж дүгнэсэн байна.
“Нэгхэн уур амьсгалын нөлөөтэй хөрсний гулгалтын үйл явдлын улмаас ойролцоогоор 58 Тапанули орангутан алдагдсан нь дэлхийн хамгийн ховор хүн дүрст сармагчинд асар том хүн ам зүйн цохилт болсон” гэж Индонезийн нэрт байгаль хамгаалагч, биологич Жатна Суприатна мэдэгджээ.
Тэрээр “Орчин үеийн түүхэнд хүн дүрст сармагчингийн нэг зүйл бүрэн мөхөхөөс сэргийлэхийн тулд Индонез улс Батанг Тору экосистемийг байнгын хамгаалалтад авах ёстой. Үүний зэрэгцээ олон улсын түншүүд биологийн олон янз байдлыг сэргээх санхүүжилтийн амлалтаа яаралтай биелүүлэх хэрэгтэй” гэжээ.
Өмнөх судалгаануудын дүнгээр Тапанули орангутаны популяци жил бүр ердөө 1 хувиар буурсан ч энэ нь урт хугацаанд мөхөлд хүргэхэд хангалттай гэж үздэг.
Индонезийн засгийн газар Батанг Тору бүс дэх бүх томоохон үйлдвэрийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, эрдэмтдэд Тапанули орангутаны урт хугацааны амьд үлдэх боломжийг судлахын зэрэгцээ хүний амь насанд учрах эрсдэлийг үнэлэх боломж олгожээ.
Судалгаанд оролцсон Borneo Futures, World Weather Attribution болон Liverpool John Moores University-ийн судлаачид Тапанули орангутаны үлдсэн амьдрах орчныг доройтуулж буй газар ашиглалтын үйл ажиллагаанд нэн даруй моратори тогтоох, мөн хамгаалалттай бүс нутгийг өргөжүүлж популяцийг тогтвортой түвшинд хүргэхийг зөвлөсөн байна.