
“Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар-140 жил” үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээлээ.
Үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын 206 дугаар тогтоолыг үндэслэн БНМАУ-ын Ерөнхий сайд асан А.Амарын мэндэлсний 140 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд зохион байгуулж буй юм.
Тус үзэсгэлэнд Үндэсний музейн сан хөмрөгт хадгалж буй Ерөнхий сайд А.Амарын хэрэглэж байсан эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлж байна. Мөн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Архивын ерөнхий газарт хадгалдаг 50 орчим баримт бичиг, түүхэн гэрэл зураг, дүрс бичлэгийг олон нийтэд толилуулжээ.
Үүнээс гадна Тагнуулын ерөнхий газрын тусгай архив, Булган аймгийн музейн сан хөмрөг, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд хадгалж буй ном, бүтээлийн дээжээс мөн дэлгэж буйг Үндэсний музейн зүгээс онцлов.




А.Амар 1886 онд одоогийн Булган аймгийн Бугат суманд Агданбуугийн хөвүүн болон мэндэлжээ. Тэрбээр 1924-1926 онд Аж ахуйн яамны сайд, 1926-1928 онд Дотоод яамны сайд бөгөөд Ерөнхий сайдын жинхэнэ орлогч Сайд, Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгч, 1928-1930, 1936-1939 онуудад БНМАУ-ын Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга зэрэг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан XX зууны Монголын төр нийгэм, шинжлэх ухааны зүтгэлтэн юм.
Уг үзэсгэлэнг энэ сарын 15-ныг хүртэл олон нийтэд толилуулна.