
Сингапурын жуулчин руу урьдчилан төлөвлөж, хүхрийн хүчил цацсаны улмаас хоёрдугаар зэргийн түлэгдэл, арилшгүй сорви үлдээсэн хэрэгт Хонконгийн өсвөр насны хүүд найман жилийн хорих ял оноожээ.
Одоо 19 настай Ансон Кью 2025 оны зургадугаар сарын 9-нд Ванчай дүүрэгт 36 настай Жян Вэнь хувийн автомашиндаа суух гэж байхад нь отож халдахдаа 17 настай байжээ. Тэрээр уг халдлагыг үйлдсэнийхээ төлөө 10 мянган хонконг доллар буюу 1280 ам.доллар авахаар тохиролцсон байна.
Аравдугаар сарын 29-нд Дээд шүүхийн шүүгч Эндрю Чан Хин-вай түүнд ял оноохдоо уг халдлага Жян Вэний амьдралд “насан туршийн нөлөө” үзүүлсэн гэж мэдэгджээ.
Шүүхийн сонсголоор Кью халдлага үйлдэхээсээ хэд хоногийн өмнө тухайн газрыг урьдчилан ажигласан нь тогтоогдсон байна. The Standard сонины мэдээлснээр, хар хувцас өмсөж, малгай, амны хаалт зүүсэн тэрээр Жян руу дөхөж очоод идэмхий шингэнийг гурван удаа цацаж, нүүр болон мөчийг нь түлжээ. Химийн бодис арьсыг нь түлж эхлэхэд Жян өвдсөндөө хашхирч, газар унасан байна. Харин Кью хэргийн газраас зугтжээ.
Цацсан шингэнийг хүхрийн хүчил болохыг тогтоосон юм. Бараг 70 хувийн хүчлийн агууламжтай шингэн Жян Вэний биеийн 10–11 хувь, тэр дундаа нүүр, хөл, гарын дээд хэсгийг түлсэн аж. Тэрээр эмнэлэгт 61 хоног хэвтэж, гэмтсэн эдийг авах болон арьс нөхөн суулгах хэд хэдэн мэс засал хийлгэсэн байна. Үүний дараа эмчилгээгээ үргэлжлүүлэхээр Сингапурт буцжээ.
Шүүгчийн хэлснээр, Жян Вэнь бие махбодын болон сэтгэл зүйн удаан хугацааны сөрөг нөлөөг туулж буй аж. Түүнд гэмтлийн дараах стрессийн эмгэг оношлогдож, нойргүйдэл үүссэн тул эм уух шаардлагатай болжээ. Мөн халдлагын улмаас биед нь ил харагдах, арилшгүй сорви үлдсэн байна.
Кью аравдугаар сарын 15-нд бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулах зорилгоор идэмхий шингэн цацсан нэг зүйл ангиар гэм буруугаа хүлээжээ. Шүүгч Чан түүнд ял оноохдоо эхлээд 12 жилийн хорих ял тогтоож, гэм буруугаа хүлээснийг харгалзан ялыг гуравны нэгээр бууруулсан байна.
Шүүгч Кью халдлагыг мөнгөөр хийсэн ажил байсан, үүнийхээ төлөө 10 мянган хонконг доллар авахаар амласан гэдгээ тэнсэн харгалзах албан тушаалтанд хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Шүүгч Кьюг “мөнгөний төлөө бүхнийг хийдэг” хүн хэмээн тодорхойлж, өөрчлөгдөх хүсэл эрмэлзэлд нь эргэлзэж байгаагаа илэрхийлсэн байна. Мөн түүнийг нийгэмшүүлэн засах боломж хязгаарлагдмал гэж үзжээ.
Шүүхийн мэдээлснээр, Кью бага наснаасаа гэмт хэрэгт холбогдож эхэлсэн байна. Тэрээр 14 настайдаа хулгайн хэргээр ял шийтгүүлж, улмаар тэнсэн харгалзах журмыг зөрчсөн тул өсвөр насны гэмт хэрэгтнүүдийг саатуулах байгууллагад хүргэгджээ. Тэрээр 16 орчим настайдаа буюу дунд сургуулийн дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиа орхин хар тамхины хэрэглээтэй болсон гэж хэргийн нөхцөл байдлын талаарх тайланд дурдсан байна. Кью гэмт бүлэглэлд харьяалагддаг гэдгээ үгүйсгэсэн ч шүүгч түүнийг бодит байдал дээр ийм бүлэглэлд элссэн гэж үзэж байгаагаа хэлжээ. Мөн Жян Вэнь рүү халдах даалгавар түүний холбоо сүлбээгээр дамжин ирсэн болохыг шүүгч Чан онцолсон байна.
Кью халдлагаас хоёр хоногийн дараа цагдаад өөрөө очиж мэдүүлэг өгсөн ч асуултад хариулахаас татгалзжээ. Тэрээр яагаад Жян Вэнийг онилсон тухайгаа тайлбарлаагүй аж.
Хонконгт хүчил цацаж халдах хэрэг урт удаан, ноцтой түүхтэй. Тухайлбал, 2008 оны арванхоёрдугаар сараас 2010 оны эхэн үе хүртэлх хугацаанд гарсан хэд хэдэн халдлагын улмаас 100 гаруй хүн гэмтэж байжээ.
2008 оны арванхоёрдугаар сард идэмхий шингэн агуулсан хоёр шилэн савыг Монгкок дүүргийн хөл хөдөлгөөн ихтэй явган хүний бүс рүү барилгаас шидсэний улмаас 46 хүн гэмтсэн гэж Хонконгийн цагдаагийн газраас мэдээлжээ. Үүнтэй төстэй халдлага 2009 оны тавдугаар сард мөн дүүрэгт гарч, дахин 30 хүн гэмтсэн талаар тухайн үед South China Morning Post мэдээлж байв.
2010 оны нэгдүгээр сард Коулун дүүргийн Темпл-стритийн ойролцоо цугласан хүмүүс рүү идэмхий шингэнтэй хоёр шил шидсэний улмаас хүүхэд, жуулчид зэрэг дор хаяж 30 хүн гэмтжээ.
Цагдаагийн байгууллага уг халдлагуудын талаар мэдээлэл өгсөн хүнд 300 мянган хонконг долларын шагнал амласан байна. Хэдийгээр 2010 онд хэд хэдэн хүнийг баривчилсан ч эдгээр гэмт хэргийн эзэд одоо хүртэл тогтоогдоогүй хэвээр байгаа юм.