
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэрэг дэлхийн удирдагчдыг хүлээн авах гэж буй Хятадын Шэньжэнь хот хиймэл оюун ухаан, робот техник, өндөр технологийн хөгжлөөрөө дэлхийд гайхагдаж байгаа ч эдийн засгийн хүндрэл, ажилгүйдэл, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлттэй нүүр тулж байна.
Хятад улс Шэньжэнь хотыг технологийн ирээдүйн бэлгэ тэмдэг болгон танилцуулж, хүн дүрст робот, жолоочгүй такси, дроноор хүргэлт хийх зэрэг инновацыг сурталчилж байна. Гэвч хотын үйлдвэрлэлийн салбар агшиж, зарим үйлдвэрүүд хямд ажиллах хүчтэй бүс рүү нүүж, олон ажилтан ажлын байраа алджээ.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, хэрэглээний сул өсөлтөөс шалтгаалан өрхийн худалдан авалт буурч, үйлдвэрлэгчид экспортоос улам их хамааралтай болсон байна. Үйлдвэрүүд үйлдвэрлэлээ танах, ажилтнаа цөөлөх, автоматжуулах зэргээр зардлаа бууруулж байгаа нь түр болон захиалгат ажил эрхлэгчдийн тоог нэмэгдүүлжээ.
Өнөөдөр Хятадын хот суурин газрын хөдөлмөрийн хүчний ойролцоогоор 40 хувь буюу 200 сая хүн платформд суурилсан болон түр ажлаас орлого олж байна. Тэдний олонх нь үйлдвэрийн ажлын байр цөөрсөн учраас хүргэлт, цагийн ажил хийхээс өөр сонголтгүй болжээ.
Ийнхүү Шэньжэнь хот нэг талаас Хятадын хиймэл оюун ухаан, робот технологийн амбицын илэрхийлэл болж байгаа бол нөгөө талаас эдийн засгийн удаашрал, ажлын байрны тогтворгүй байдал, орлогын бууралтыг харуулж байна.