
Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга”-ын цувралын сүүлийн тэмцээн маргааш Япон улсын Токио хотод эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд 41 орны 310 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгчээ. Бага дэлхийн аварга шалгаруулах гэж нэрлэгддэг энэ удаагийн “Их дуулга”-д жин тус бүрийн шилдэг жүдочид өрсөлдөхөөр болжээ. Мөн жин бүрт дэлхийн чансааг тэргүүлж буй жүдочид бүгд барилдахаар болсон байна.
Тэмцээнийг зохион байгуулагч Япон улсаас нийт 56 жүдоч оролцох бол БНСУ 26, ОХУ 23, Тайвань 19, Монгол 16 жүдоч оролцуулахаар мэдүүлгээ өгчээ. Мөн АНУ, Польш, Гүрж тус бүр 13, Израил 10 жүдочоо энэ оны сүүлийн “Их дуулга”-д өрсөлдүүлэхээр болсон байна.
Монгол Улсаас шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч М.Бундмаа, Б.Хишигбаяр нарын удирдлага дор 14 жинд 16 жүдоч өрсөлдөнө. Манай жүдочид өнөөдөр Токио хотыг зорилоо.
Маргааш эхлэх Токиогийн “Их дуулга”-д эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат, К.Ёолк, 66 кг-д Б.Эрхэмбаяр, 73 кг-д Л.Анхзаяа, О.Уранбаяр, 81 кг-д Н.Жангарай, 90 кг-д Ц.Дагвадорж, +100 кг-д Б.Гончигсүрэн, О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүийн 48 кг-ын жинд Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ, 57 кг-д Л.Сосорбарам, Т.Ариунзаяа, 63 кг-д гавьяат тамирчин Л.Энхрийлэн, Х.Ариунтунгалаг, 78 кг-д О.Хүслэн нар эх орноо төлөөлөн өрсөлдөнө.
Токиогийн татамигаас анхлан медаль хүртсэн монгол жүдоч нь Ардын багш, гавьяат тамирчин Д.Баттулга 60 кг-ын жинд мөнгөн медаль (Кано кап-1990) хүртсэн бол отгон медальтан нь өсвөрийн дэлхийн аварга Т.Ариунзаяа 2024 онд хүрэл медаль хүртсэн юм. 2025 онд Монголын жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчид өнөөдрийн байдлаар ДАШТ, Азийн АШТ, Их дуулга, гранпри тэмцээнээс 10 алт, долоон мөнгө, 21 хүрэл медаль хүртээд байна.