
УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Тус хулаар хэлэлцсэн асуудлуудын талаар бүлгийн дарга Ж.Батжаргал, Төсвийн байнгын хорооны дарга бөгөөд төсвийн ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг нар мэдээлэл хийлээ.
Ж.Батжаргал: -2026 оны төсвийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн мэдээллийг сонслоо. 2026 оны арваннэгдүгээр сар гэхэд багш нарын цалинг 2.8 саяд хүргэх тооцоолол хийсэн.
Эрүүл мэндийн ажилтнуудын цалинг ирэх оны эхнээс 15 хувиар нэмэх тооцоолол хийлээ.
Тэтгэвэр тэтгэмжийг зургаан хувиар өсгөхөөр анх төсөв өргөн барьсан. Үүнийг нэмэгдүүлж 8.6 хувь болгохоор эх үүсвэрийнх нь тооцоо судалгааг хийсэн.
Төсөвтэй хамт өргөн мэдүүлсэн НӨАТ-ын тухай хуулийн өөрчлөлтийн хэрэгжилтийг 2026 оны аравдугаар сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөлөө.
Х.Ганхуяг: -Цалин, тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл нь нийтдээ 1.1 их наяд төгрөг болж байгаа. Тиймээс бид нөгөө талдаа зардлаа 1.1 их наядаар бууруулах шаардлагатай болж байгаа юм. Төсвийн ерөнхийлөн захирагч нарын урсгал зардлыг бууруулна. Гэхдээ НД-ын сан, Нийгмийн халамжийн сан, ЭМД-ын сан, боловсролын салбарын гүйцэтгэлийн санхүүжилт, эрүүл мэнд, боловсрол онцгой байдлын байгууллагын зардал, гадаад зээл, зээлийн хүүгийн зардал, гадаад зээл, тусламжаас санхүүжих урсгал зардал, хүүхдийн мөнгөнөөс танахгүй. Бусад бүх зардлыг 10-13 хувиар танана.
Мөн УИХ-ын гишүүдийн дотоод зочин хүлээж авах зардал, соёл, спорт, аялал, жуулчлалын салбарын татаас бууруулах гэх мэт тухайлсан зардлуудыг хасаж байгаа.
Хөрөнгө оруулалтын зардлаас эрүүл мэнд, боловсролын салбараас бусад бүх салбарын тоног төхөөрөмжийн зардлыг 50 хувиар бууруулна.
Шилжих хөрөнгө оруулалтын зардлыг 15 хувиар бууруулна. Ингэснээр 1.1 их наяд төгрөгийн орон зай гарч байгаа.