
Пакистан улс шатахууны үнэ огцом өссөнтэй холбоотойгоор яаралтай хэмнэлтийн арга хэмжээ авч, бүх сургуулийг хоёр долоо хоног хааж, төрийн байгууллагуудыг долоо хоногт дөрөв өдөр ажиллуулах шийдвэр гаргалаа.
Ерөнхий сайд Шехбаз Шариф телевизээр хийсэн мэдэгдэлдээ засгийн газар шатахууны хэрэглээг бууруулж, Ойрх Дорнод дахь нөхцөл байдлаас үүдэлтэй нийлүүлэлтийн болзошгүй тасалдлаас сэргийлэх шаардлагатай байгааг онцолсон байна. Түүний хэлснээр, улсын хэмжээнд бүх сургуулийг хоёр долоо хоног хааж, их сургуулиудыг энэ хугацаанд онлайн сургалтад шилжүүлэх аж.

Мөн ирэх хоёр сарын хугацаанд төрийн байгууллагуудын шатахууны зардлыг 50 хувиар бууруулж, төрийн албан хаагчдын тал хувийг зайнаас ажиллуулах юм. Харин банкууд энэ журамд хамрагдахгүй аж.
Пакистан улс импортын нефть, хийнээс ихээхэн хамааралтай тул нефтийн үнэ өсөхөд эдийн засаг нь эмзэг байдалд ордог.
АНУ болон Израил Иранд цохилт өгсний дараахан Пакистанд шатахууны үнэ ойролцоогоор 20 хувиар өссөн нь шатахуун түгээх станцууд дээр урт дараалал үүсгэжээ.
Засгийн газар төрийн автомашинуудын 60 хувийг хоёр сарын хугацаанд ашиглахгүй байхаар шийдвэрлэж, сайд нар цалингаа авахгүй, парламентын гишүүдийн цалинг 25 хувиар бууруулахаар болсон байна. Түүнчлэн төрийн байгууллагуудад шинэ автомашин, тавилга, агааржуулагч худалдан авахыг хориглож, сайд, албан тушаалтнуудын гадаад томилолтыг хязгаарлах, уулзалтуудыг онлайнаар хийх, Рамадан сарын үеэр зохион байгуулагддаг ифтар зоогийг цуцлах зэрэг арга хэмжээг авчээ.