УИХ дахь АН-ын бүлэг намрын чуулганы анхны хуралдаанаа хийлээ. Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нар бүлгийнхээ хурлаар хэлэлцсэн асуудлуудаа танилцуулж мэдээлэл хийлээ.
О.Цогтгэрэл: -АН-ын бүлэг дөрвөн асуудал хэлэлцлээ.
Нэгдүгээрт, УИХ-ын хяналт шалтгалтын тухай хуулийн өөрчлөлтийг өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Энэ өөрчлөлтөөр цөөнхөөс УИХ-ын хяналт шалтгалтын сэдэв, хяналтын сонсголыг даргалагчийг санал болгодог болсон. Энэ боломжийг ашиглаж анхны тогтоолоо өргөн барихаар болж байна. Энэ бол 1992 оноос хойш Улаанбаатарт газрыг хэрхэн олгож ирсэн асуудлаар хяналтын сонсгол явуулах тухай тогтоолын төсөл.
Хоёрдугаарт, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
Гуравдугаарт, 2026 оны оны төсвийн төсөлтэй холбогдуулан ажлын хэсэг байгууллаа.
Дөрөвдүгээрт, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар Ерөнхий сайдын мэдээллийн цагийг УИХ-ын асуулгын цаг болгон өөрчилсөн. Энэ хүрээнд есдүгээр сарын 26-нд УИХ-ын асуулгын цагийг үр дүнтэй ашиглахаар Х.Тэмүүжин гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг байгууллаа.
Ц.Баатархүү: -Улаанбаатар хотын газар олголтын мэдээллийг ил болгоно. Мөн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн нийтийн эзэмшлийн газар хэрхэн ашиглагдаж ирсэн, Богд уул тойрсон газар олголтууд хэрхэн явагдсаныг ил болгоно. Энэ асуудлаар хянан шалгах түр хороо байгуулж ажиллана.