Японы мэргэжлийн сүмо бөхийн энэ оны сүүлийн тэмцээн болох Кюүшюү башёогийн зургаа дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Башёогийн дээд зиндаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн таван барилдаанаас ердөө хоёр ялалт авч тэргүүлэгчийн гуравдугаар эгнээнд шилжлээ. Тэрээр өнөөдрийн барилдаанд Такаясүтэй барилдахаар оноолт таарчээ.
Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн сүүлийн гурван өдөрт Фүжирюүга, Ура, Фүжисеун нарт дараалан уналаа. Энэ башёг сэкивакэ Атамифүжи 5-0 гэсэн амжилтаар тэргүүлж эхэлсэн бол ёкозүна Оносато, озэки Котозакура, Киришима нарын 10 бөх дөрвөн даваа, нэг унаатай удаалж байна.
