
Тайландын хаан Маха Важиралонгкорны ууган охин, Гүнж Байракитиябха Нарендира Дебяавати 47 насандаа таалал төгссөн талаар Тайландын Хааны ордон мэдэгдлээ.
Тэрээр 2022 оны арванхоёрдугаар сард Тайландын Накхон Ратчасима мужид ажиллаж байхдаа зүрхний өвчний улмаас гэнэт ухаан алдаж, улмаар нийслэл Бангкок хот руу нисдэг тэргээр яаралтай хүргэгдэн эмчлүүлж байв. Түүнээс хойш бараг дөрвөн жилийн турш комын байдалтай байсан юм.
Хааны ордны мэдэгдэлд дурдсанаар түүний биеийн байдал хэвлийн хөндийн халдвар, бүдүүн гэдэсний үрэвсэл (колит), цусны даралт буурах, зүрхний хэм алдагдах болон цусны бүлэгнэлтийн эмгэгийн улмаас улам дордож, пүрэв гарагийн орой нас баржээ.
Гүнжийг Тайландад "Гүнж Па" хэмээх нэрээр нь таньдаг байв.
Тэрээр 1978 оны арванхоёрдугаар сарын 7-нд тухайн үеийн угсаа залгамжлах ханхүү байсан Маха Важиралонгкорн болон Гүнж Соамсавали нарын гэр бүлд төрсөн.

Боловсрол ба ажил мэргэжил
Гүнж Байракитиябха АНУ-ын Корнеллийн Их сургуульд хууль эрх зүйгээр суралцаж, магистр болон докторын зэрэг хамгаалсан.
2006-2011 онд Тайландын Ерөнхий прокурорын газарт хуульчаар ажиллаж, дараа нь 2012-2014 онд Тайланд улсаас Австри, Словени, Словак улсад суух Элчин сайдаар томилогдон ажиллажээ.
Мөн тэрээр шоронд хоригдож буй эмэгтэйчүүд, ялангуяа жирэмсэн хоригдлуудын эрхийг хамгаалах чиглэлээр буяны байгууллага байгуулан ажиллаж байсан.
2017 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн шударга ёсны комиссоос түүнийг Зүүн Өмнөд Азийн хууль дээдлэх ёсны сайн дурын элчээр томилжээ.
2021 онд Тайландын армид шилжин ажиллаж, генерал цол хүртэн Хааны аюулгүй байдлын командлалын штабын даргын албыг мөн хашсан байна.
Тэрээр хаан Маха Важиралонгкорны албан ёсны цол хэргэмтэй, Тайландын Үндсэн хуулийн дагуу хаан ширээг залгамжлах эрхтэй гурван хүүхдийн нэг байв.
Одоо гүнжийн дурсгалд зориулсан хааны оршуулгын ёслол зохион байгуулагдах юм. Тайландын Засгийн газар мөн үндэсний хэмжээний гашуудал зарлах төлөвтэй байна.