
Морин спорт уяачдын “Арвагар хээр” холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хуралд “Арвагар хээр” холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, аймгийн алдарт уяач С.Нэргүй, холбооны тэргүүлэгч, аймгийн алдарт уяач М.Мандахбаяр, аймгийн алдарт уяач Энхбаатар нар оролцсон юм.
Өвөрхангай аймгаас төрөн гарсан улс, аймгийн алдарт уяачдын зөвлөгөөн хоёрдугаар сарын 28-д болж, уяачдын санал бодлыг сонсож уриалга гаргажээ. 19 сумын уяачдын төлөөлөл болсон 250 гаруй төлөөлөгч оролцсон тус зөвлөгөөнөөс хурдан морь унаач хүүхдийн эрхийг нэн тэргүүндээ тавьж, тэдний эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч, хөгжих боломжийг хүндэтгэн үзэж байхыг санууллаа. Мөн хаврын уралдаан болон бусад хурдан морины уралдааныг зохион байгуулахад хууль эрх зүй, нэгдсэн бодлого хэрэгтэй байгааг сануулсан юм.
“Бид нүүдэлчин ахуйгаас суурин соёл иргэншилд шилжиж байгаа ард түмэн. Нүүдэлчдийн ахуй амьдрал, зан үйл гэдэг бол суурин соёлд өөр байдаг. Хүүхэд морь унахыг хорьчихлоо. Бидэнд хойшид үндэсний өв соёл үлдэнэ шүү дээ. Манай улсад гадны жуулчид байгалийг үзэх гэж ирэх нь ховор. Тэд юуг харах гэж ирдэг вэ гэхээр үндэсний зан заншил, таван хошуу малаа маллан гэрт амьдарч буй ард түмнийг харах гэж ирдэг. Энэ нь монгол түмний өв соёл. Энэ талаар уяачид маш их ярилцлаа. Хэдүүлээ алсыг харж амьдарцгаая.
Монголд 70 мянга гаруй уяач, 30 мянга гаруй хүүхэд морь унаж байна гэсэн тоон мэдээллийг 1995 онд Монголын морин спорт уяачдын холбооноос гаргаж байсан. Гэтэл 2008 онд хийсэн судалгаагаар 50 хувь нь байхгүй болчихсон. Сүүлдээ уяачдын тоо 10 мянга хүртэл буурсан. Гэтэл өнөөдөр хэд болж байгааг бас мэдэхээ байлаа. Одоо морь уядаг хүний тоо цөөрлөө. Монгол хүн бүр 3-5 настайдаа морь унаж сурсан байдаг. Мориноос хөндийрсөн хүүхдүүд төв суурин газар барааддаг болсон. Морь унадаг залуучуудын тоо бага болж мотоцикл унадаг залуустай болж байна. Хөдөө эзэнгүйдлээ. Морины уралдааныг сайхан хийж, ард түмэнд өв соёлыг үлдээх хэрэгтэй байна.
Уяачид юун дээр бухимдаж, маргалдаж байна вэ гэхээр нурууны өндрийг хэмжихээс эхэлдэг. Бидний хувьд аль болох хэрүүл уруулгүй морины уралдаанаа хийх нь зөв. Ер нь хойч үедээ монгол ёс заншлаа илүү сайнаар үлдээх учиртай. Ямар нэгэн зүйлийг хориглохоор нуугдмал зүйл их гардаг. Нээлттэй байгаад зарчмыг нь зөв заагаад өгөх юм бол осол, аваар гардаггүй юм. Монголд өвлийн цагт угаасаа морь огт уралддаггүй, хаврын уралдаан л хийдэг. Бүх уралдааныг хаагаад тавдугаар сарын 1-нд уралдана гэхээр тохиромжгүй байна. Дүнжингарав уралдаан гэхэд л сар шинийн дараа иргэн бүр хаврын уралдааныг үзэх гээд дээл хувцсаа өмсөөд, монгол соёлоо хүндлээд очдог. Энэ бүхэнд монгол соёл дагаж явдаг. Адууны өв соёлоос монгол ёс, заншил уламжлал дагаад хөгждөг. Одоо уяачид их сайхан болж байна. Уяачид хүүхдүүдээ маш их хайрлаж, бүх л аюулгүй хэрэгслийг хэрэглүүлж чадаж байна. Одоо хэрэлдэхээ больж, зөв талаас нь харцгаая. Морин уралдааны хуулийг яаралтай батлуулж, ард түмэн адууны соёлоо түгээх нь чухал байна” гэлээ.