
Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын үйл явцтай өнөөдөр/2026.08.10/ танилцлаа. Уг үйлдвэрийг 2028 онд багтаан ашиглалтад оруулах, түүхий эдийн хангамжийг баталгаажуулах, төслийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах зорилгоор албаныханд үүрэг өгчээ.
Ерөнхий сайд Н.Учрал "Төсөл нэлээд их саад бэрхшээл туулсан. Хоёр тал төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх өндөр түвшний хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцсон нь бүтээн байгуулалтад чухал түлхэц болно гэж үзэж байна. Дуусдаггүй олон яриа дуусаагүй үлдсэн байсан. Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалт санхүүжилт, эрх зүйн асуудлаас шалтгаалан хоёр жил орчим гацсан байсан. Манай Засгийн газар байгуулагдаад гацаа арилж, одоо энэ талбай дээр 4500 инженер техникийн ажилтан гурван ээлжээр, 24 цаг тасралтгүй ажиллаж байна. Тоног төхөөрөмжийн угсралт бүрэн эхэлсэн. Алдсан хоёр жилийн хугацаагаа нөхөж, бүтээн байгуулалтаа дуусгая" гэжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан 1.7 тэрбум ам.долларын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байна.
Үйлдвэр жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулж, 824 мян.тн дизель, АИ95 бензин 396 мян.тн, онгоцны түлш 80 мян.тн, зуухны түлш 17 мян.тн, шингэрүүлсэн шатдаг хий 27 мян.тн үйлдвэрлэх юм. Үйлдвэр ашиглалтад орсноор, Монгол Улс газрын тосны хэрэгцээний 55 орчим хувиа дотооддоо хангана.
Үйлдвэрийн гадна талбайн болон дотоод дэд бүтцийн ажил дууссан. Мөн 550 ажилтны орон сууцны бүтээн байгуулалтын эхний шат дуусаж байгааг албаныхан хэллээ. Одоогоор 135 айлын орон сууц болон оффис-үйлчилгээний төв ашиглалтад оржээ. Харин 35МВт ДЦС, 5МВт “Ширээт” дэд станцын санхүүжилтийг Засгийн газар шийдвэрлэснээр ажил эхэлж байгаа аж. Үйлдвэрийн төсөл бүрэн дууссанаар 850-900 ажлын байр шинээр бий болох юм байна.

