
УИХ-ын дарга С.Бямбацогтын урилгаар Австралийн холбооны улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Австралийн парламентын найрамдлын бүлгийн дарга М.Энхцэцэг, Монгол Улсаас Австралийн холбооны улсад суугаа Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтан авав.
Айлчлалын үеэр УИХ-ын дарга С.Бямбацогт, Австралийн холбооны улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Австралийн холбооны улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.
Энэ сарын 22-23-нд үргэлжлэх Австралийн холбооны улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Монгол Улс, Австрали улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ "Өргөн хүрээний түншлэл"-ийн харилцаатай байна хэмээн УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.