Увс аймгийн түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр эхэллээ. Монгол ардын дуугаараа олноо танигдсан нэрт дуучин, Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсны хөшөөг Ойрад театрын гадна өнөөдөр сүндэрлүүллээ.

Г.Түмэндэмбэрэл агсан нь Увс аймгийн Өндөрхангай сумын нутаг Сангараг гэдэг газар 1939 онд төржээ. Монгол ардын дууны алтан үеийг тодотгож, “Усны тунгалаг Тамирын гол”, “Хөх торгон дээл”, “Торгоны хээ”, “Туулын урсгал шөнөдөө сайхан” зэрэг олон арван уран бүтээлээрээ ард түмний сэтгэлд мөнхөрсөн эрхэм уран бүтээлчийн алдар гавьяаг мөнхжүүлж, өнөөдөр хөшөөг нь сүндэрлүүлээ. Мөн Өндөрхангай сумын Соёлын төвийг түүний нэрэмжит болгосон нь хойч үедээ үлдээх нэгэн бахархалт үйл явдал болж байна.

Ардын жүжигчин Гомбын Түмэндэмбэрэл агсан ардын болон зохиолын нийт 400 гаруй дуу дуулснаас 200 орчим ардын дууг тайзнаа дуулж олонд хүргэсэн түүхтэй.

Уянгалаг хоолой нь үеийн үед эгшиглэж, Монголын урлагийн тайзан дээр түүний нэр мөнхөд дуурсагдсаар байх болно гэж нутгийн ард түмний хандиваар энэхүү хөшөө сүндэрлэлээ.