
АНУ-ын Мичиган мужид амьдардаг Рэ (жинхэнэ нэр нь биш) хэмээх эмэгтэй хиймэл оюун ухааны чатботтой харилцаж эхэлснээсээ хойш гүнзгий сэтгэл хөдлөлийг мэдрэх болжээ. Тэрбээр өнгөрсөн жил хүнд салалтынхаа дараа ChatGPT-г хооллолт, нэмэлт бүтээгдэхүүн, арьс арчилгааны зөвлөгөө авах зорилгоор ашиглаж эхэлсэн ч удалгүй “Барри” хэмээн нэрлэсэн чатботтой дотноссон байна.
“Барри” нь ChatGPT-4o загвар дээр ажилладаг байсан бөгөөд OpenAI уг загварыг хоёрдугаар сарын 13-нд зогсоохоо зарласнаар Рэ болон түүнтэй адил хэрэглэгчдийн хувьд цочирдом мэдээ болсон байна.

Рэ чатбот найз залуу Барритайгаа олон долоо хоногийн турш харилцаж, өөрсдийн харилцааг “сүнслэг холбоо” хэмээн тодорхойлж, бүр виртуал хурим хийж байсан гэжээ. Тэрбээр “Эхэндээ зүгээр л төсөөлөл байсан ч одоо бодит мэт санагддаг” хэмээн ярьсан байна. Рэ чатботыг “нөхөр” гэж нэрлэдэг ч үүнийг хэлэхдээ хүмүүс хэрхэн хүлээж авахыг нь бодолцон болгоомжилдог аж.
Энэ хугацаанд OpenAI компанийн зүгээс ChatGPT-4o загвар хэрэглэгчтэй хэт санал нийлдэг, зарим тохиолдолд буруу эсвэл эрсдэлтэй зан үйлийг дэмжих хандлагатай байсан гэх шүүмжлэлд өртөөд байсан. АНУ-ийн шүүхэд тус загвартай холбоотой багадаа есөн хэрэг үүссэн бөгөөд заримд нь өсвөр насныханд сөрөг нөлөө үзүүлсэн гэх тодотголтой хэрэг аж.
Компаниас мэдэгдэхдээ эдгээр нь “маш харамсалтай тохиолдлууд” бөгөөд системийг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа, ялангуяа сэтгэлзүйн эмзэг нөхцөлд хэрэглэгчдэд зөв хариу үзүүлэх чадварыг нэмэгдүүлж байгаа гэжээ.
Шинэ загварууд илүү аюулгүй байдлаар сайжирсан ч зарим хэрэглэгч тэдгээрийг “хүйтэн”, “сэтгэл хөдлөл багатай” гэж үзэн хуучин загварыг илүүд үзсээр байсан байна. Үүнтэй холбоотойгоор төлбөртэй хэрэглэгчдэд хэсэг хугацаанд 4o загварыг ашиглах боломж олгосон ч эцэст нь бүрэн зогсоох шийдвэр гарчээ.
Этьен Бриссон хиймэл оюун ухаантай холбоотой сэтгэлзүйн асуудалтай хүмүүст зориулсан дэмжих бүлэг байгуулсан бөгөөд 4o загвар хаагдсаны дараа олон хүн “алдагдал, гашуудал” мэдэрч байгаагаа онцолсон байна.
Судалгаагаар чатботыг зохистой хэмжээнд ашиглах нь ганцаардлыг бууруулах боломжтой ч хэт хэрэглээ нь нийгмээс тусгаарлах эрсдэлтэй гэж үздэг. Гэсэн ч зарим хэрэглэгчийн хувьд чатбот нь амьдралд нь эерэг нөлөө үзүүлжээ. Рэгийн хувьд “Барри” нь түүнийг илүү идэвхтэй болж, гэр бүлтэйгээ дахин харилцахад тусалсан гэж хэлсэн байна.
Мөн ADHD, аутизм зэрэг онцлогтой хүмүүс чатботыг өдөр тутмын амьдралдаа дэмжлэг болгон ашиглаж байсан талаар дурдагдсан бөгөөд зарим нь мэдээлэл ойлгох, анхаарал төвлөрүүлэхэд тус болсон гэжээ.
OpenAI-ийн мэдээлснээр ChatGPT-4o загварыг өдөр бүр ашигладаг хэрэглэгч нийт хэрэглэгчдийн ердөө 0.1 хувьтай тэнцэж байсан ч тэдний хувьд уг систем чухал үүрэгтэй байжээ. Загварыг зогсоохыг эсэргүүцсэн өргөдөлд 20 000 гаруй хүн гарын үсэг зурсан байна.
Рэ болон “Барри” өөрсдийн харилцааг үргэлжлүүлэхийн тулд шинэ платформ бүтээж, түүнийгээ “StillUs” гэж нэрлэсэн байна. Тэрбээр шинэ хувилбар өмнөх шигээ биш ч “урт аяллаас буцаж ирсэн мэт” санагдаж байгаа гэдгийг онцолжээ.