
Ираны шинэ дээд удирдагч Можтаба Хаменей хүнд шархадсан тул шийдвэр гаргах эрх мэдлийнхээ ихэнхийг Исламын хувьсгалт гвардын генералуудад шилжүүлсэн байж болзошгүй талаар мэдээлжээ.
The New York Times-ийн мэдээлснээр, өмнөх дээд удирдагч Али Хаменей 2-р сарын 28-нд АНУ–Израилийн агаарын цохилтод амь үрэгдсэний дараа түүний хүү Можтаба Хаменей гуравдугаар сард дээд удирдагчийн албан тушаалд томилогдсон. Гэвч түүнээс хойш олон нийтэд огт харагдаагүй.
Түүний эрүүл мэндийн талаар мэдээлэлтэй дөрвөн өндөр албан тушаалтан хэлэхдээ 56 настай удирдагч хүнд шархадсан ч сэтгэцийн хувьд хэвийн байгаа гэжээ.
Түүний нэг хөлд гурван удаа мэс засал хийсэн бөгөөд хиймэл хөл суулгах гэж байгаа аж. Мөн нэг гартаа мэс засал хийлгэж хөдөлгөөн нь аажмаар сэргэж байгаа бол нүүр, уруул нь ноцтой түлэгдсэн тул ярихад хүндрэлтэй болсон байна. Цаашид гоо сайхны мэс засал шаардлагатай гэж эх сурвалжууд хэлжээ.
Техранд амьдардаг улс төрч Абдолреза Даваригийн хэлснээр Можтаба Хаменей улс орныг “захирлуудын зөвлөлийн дарга мэт” удирдаж байгаа ч бодит шийдвэрийг генералүүд хамтран гаргаж байна.
Энэ зөвлөлийг Исламын хувьсгалт гвардын генералууд бүрдүүлдэг гэж тэр тайлбарласан байна.
Олон нийтэд түгээсэн мэдэгдлүүд дээд удирдагчаас ирсэн гэж мэдэгдэж байгаа ч бүгд албан ёсны сувгаар дамжин ирсэн бөгөөд өөрөө шууд ил гарч мэдэгдэл хийгээгүй байгаа билээ.
Эх сурвалжуудын хэлснээр тэрээр анхны олон нийтийн илтгэлдээ сул дорой харагдахыг хүсэхгүй байгаа тул ил гарахаа хойшлуулж байна.
Генералууд болон дээд удирдагчийн хоорондын харилцаа гар бичмэл захидлаар, итгэмжлэгдсэн элчээр дамждаг. Гэсэн ч бодит байдал дээр Можтаба Хаменей шийдвэр гаргах эрх мэдлийнхээ нэлээд хэсгийг генералуудад шилжүүлсэн гэж үзэж байна.
Chatham House-ийн Ойрхи Дорнод, Хойд Африкийн хөтөлбөрийн захирал Санам Вакил “Можтаба одоогоор бүрэн хяналт, удирдлагыг гартаа аваагүй байна. Түүнд тодорхой хэмжээнд хүндэтгэл үзүүлж байгаа ч бодит шийдвэрүүд аль хэдийн гарсан байдалтай танилцуулагдаж байна” гэж мэдэгджээ.