
Анголын католик шашны багш Мауро Руи Калладо Кортэзийн хувьд Пап лам Лео XIV-ийг өөрийн биеэр харах онцгой боломжийг алдах аргагүй байжээ. Тэрээр хүнд өвчтэй байсан ч орноосоо босохоос өөр аргагүй болсон байна.
Луанда олон улсын нисэх буудлын гадаа папын автомашин өнгөрөхийг харсан тухайгаа дурдаад “Гэгээн эцэгтэй нүдээрээ уулзсан тэр мөч үнэхээр онцгой байсан. Энэ нь бие махбод болон сэтгэл санаанд асар их хөнгөн мэдрэмж төрүүлсэн нь одоо ч арилахгүй байна” гэж сүсэгтэн Кортэз CNN-д ярьжээ.
Ангол нь 11 хоногийн хугацаанд Африкийн дөрвөн улсад хийх Папын айлчлалын гурав дахь зогсоол байсан бөгөөд дэлхийн католик шашинтнуудын 20 орчим хувь амьдардаг энэ тивийн сүсэгнүүдийг догдлуулахын зэрэгцээ зарим хэсэгт нь болгоомжлол үүсгэжээ.
Шүүмжлэгчид Пап Лео XIV Камерун болон Экваторын Гвинейд айлчлах шийдвэр гаргасан нь эдгээр улсуудыг удаан хугацаанд хатуу хяналттай удирдаж ирсэн удирдагчдад дэмжлэг үзүүлсэн мэт харагдаж байна гэж үзэж байна.
Аялал мөн Пап ламын Ойрхи Дорнодын мөргөлдөөнд баримталж буй байр сууринаас үүдэн АНУ-ын Доналд Трампийн засаг захиргаатай үүссэн дипломат маргааны улмаас хүндрэлтэй болсон.
Пап лам энэ зөрчлийг намжаахыг оролдож, айлчлал нь энх тайвныг бэхжүүлэхэд чиглэж байгаа бөгөөд Ерөнхийлөгчтэй “маргах” зорилгогүй гэдгээ онцолжээ.
Тэр олон нийтийн өмнө хэлсэн үгэндээ Африкийн байгалийн баялгийг гадаадын хүчнүүд мөлжиж байгааг шүүмжилж, авлигын эсрэг хатуу байр суурь илэрхийлсэн. Мөн мөргөлдөөнтэй бүсүүдэд энх тайван, эвлэрлийг уриалав. Гэсэн хэдий ч энэ аялал өмнөх Пап лам Францисын нас барсны нэг жилийн ойтой давхцаж байгаа нь зарим хүнд таагүй сэтгэгдэл төрүүлж байна.

Олон нийтийн хүлээлт ба бодит байдал
Африкт Пап ламыг олон мянган хүн халуун дотноор угтан авчээ. Камеруны англи хэлт салан тусгаарлагчид болон франц хэлт засгийн газрын хоорондын мөргөлдөөний төв болох Баменда хотод Пап Лео энхийн уулзалтад оролцож, мөргөл үйлдсэн нь баяр ёслолын уур амьсгал бүрдүүлжээ.
“Бид зөвхөн энх тайвныг л хүсэж байна” гэж Памела Нзе хэлсэн бол хувцас урлаач Жамконфиденс Маша “Пап лам хайр, найдвар, эв нэгдлийн мессеж авчирч байна” гэжээ. Түүний дэлгүүр мөргөлдөөний үеэр сүйдсэн аж.
Мягмар гарагт Анголоос Экваторын Гвиней рүү нисэх замдаа Пап Лео өмнөх Пап лам Францисыг дурсаж, түүний амьдралыг “сүм болон дэлхийд өгсөн агуу бэлэг” хэмээн үнэлжээ.
Нарийн төвөгтэй айлчлал
Энэ долоо хоногт Экваторын Гвинейд дуусах айлчлал 4-р сарын 13-нд Алжирт эхэлсэн бөгөөд тус улсад айлчилсан анхны Пап лам болсон юм.
Үүний дараа тэр Камерунд очиж, Дуала хотод 100 000 гаруй хүн оролцсон мөргөл үйлдсэн байна.
Анголд Пап лам хоёр арга хэмжээнд нийт 130 000 орчим хүнд хандан бараг 30 жил үргэлжилсэн иргэний дайны дараах хуваагдлыг даван туулахыг уриалжээ.
Кортэз (44 настай) өмнө нь Пап Жон Паул II (1992) болон Пап Бенедикт XVI (2009)-ын айлчлалыг харж байсан бөгөөд Леогийн айлчлалыг “агуу адислал” гэж үзэж байна.
Улс төрийн эмзэг нөхцөл
Камерунд Пап лам айлчлах үеэр 93 настай Ерөнхийлөгч Пол Бияа дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг сэргээсэн нь улс төрийн чухал үйл явдал болсон.
Санал асуулгын дараах эсэргүүцлийн үеэр аюулгүй байдлын хүчнийхэн 48 хүнийг хөнөөсөн гэх мэдээлэл гарсан бөгөөд сөрөг хүчин сонгуулийг луйвардсан гэж үзэж байна.
Католик санваартан Людовик Ладо энэ нь удам дамжсан засаглалд хүргэж болзошгүй гэж болгоомжилжээ.
Экваторын Гвинейд мөн адил шүүмжлэл гарч байна. Хүний эрхийн хуульч Түту Аликанте Пап ламын айлчлал тус улсын удирдагчдыг “хууль ёсны мэт харагдуулах” эрсдэлтэй гэж анхааруулжээ.
Тус улсын Ерөнхийлөгч Теодоро Обианг 40 гаруй жил засаглаж байгаа бөгөөд хүн амын тал орчим нь ядуу амьдарч байна. Түүний хүү, дэд ерөнхийлөгч Теодоро нь авлигын хэрэгт холбогдож байсан ч бурууг үгүйсгэдэг.
“Гашуун амт”
Пап лам аяллын турш авлигын эсрэг байр сууриа илэрхийлсэн. Яунде хотод хэлсэн үгэндээ “авлига нь эрх мэдлийг гутааж, итгэлийг үгүй хийдэг тул түүний гинжийг таслах ёстой” гэж онцолжээ.
Гэсэн ч зарим шүүмжлэгчид түүний мессеж бодит байдалд нөлөөлөхгүй байна гэж үзэж байна.
Улс төрч Ках Валла “8 сая гаруй католик шашинтан баяртай байгаа ч энэ айлчлал дэглэмийг улам бэхжүүлэхэд ашиглагдаж магадгүй” гэжээ.

Дэмжигчдийн байр суурь
Гэхдээ Пап ламыг өмгөөлөх хэсэг ч бий.
Бамендагийн католик сүмийн төлөөлөгч Белтус Асанжи “Пап ламын зорилго нь орон нутгийн сүмүүдтэй холбогдож, энх тайван, эвлэрэл, хүний нэр төрийн тухай мессеж хүргэх явдал” гэж тайлбарлав.
Тэрээр төрийн удирдагчидтай уулзах нь энгийн дипломат практик бөгөөд улс төрийн дүгнэлт илэрхийлдэггүй гэдгийг онцолжээ. Шинжээч Коллинс Молуа Икоме “НҮБ, Европын холбоо, Африкийн холбоо хүртэл эдгээр засгийн газрыг хүлээн зөвшөөрдөг байхад Пап лам ганцаараа нөхцөл байдлыг өөрчилнө гэж бодох нь гэнэн хэрэг” гэж хэлсэн байна.
Гэсэн ч Валла “ийм айлчлал бүр дэглэмийн сурталчилгааны хэрэгсэл болдог” гэж анхааруулжээ. “Одоо Камеруны том хотуудад Пап лам Лео болон Пол Биягийн зурагтай баннерууд хаа сайгүй байна. Энэ нь ‘бид хууль ёсны’ гэсэн мессежийг тарааж байна” гэж нэмжээ.