
Венесуэлийн Ерөнхийлөгч асан Николас Мадуро өөрийгөө тусгаар тогтносон улсын төрийн тэргүүн байсан тул эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх халдашгүй эрх эдлэх ёстой гэж үзэн, хар тамхины наймаатай холбоотой өөрт нь тулгасан хэргийг хэрэгсэхгүй болгохыг АНУ-ын холбооны шүүхээс хүсжээ.
Тэрээр лхагва гарагт АНУ-ын шүүхэд хүсэлт гаргасан байна.
Түүнд тулгасан хар тамхины наймаатай холбоотой хэргийг Нью-Йоркийн Манхэттен дэх холбооны шүүхэд үүсгэсэн. Энэ хэрэг нь АНУ-ын цэргийнхэн Каракаст ажиллагаа явуулж, Мадурог нэгдүгээр сарын 3-нд баривчлах үндэслэл болсон юм.
Мадуро баривчлагдсанаасаа хойш Бруклины холбооны хорих ангид хоригдож буй. Тэрээр өөрт нь тулгасан бүх хэрэгт гэм буруугүй гэдгээ мэдэгдсэн байна. Хэрэв түүний хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг шүүх хүлээн авахгүй бол гэм буруугийн шүүх хурал 2027 оны зургаадугаар сарын 1-нд эхлэхээр товлогджээ.
Төрийн тэргүүний халдашгүй эрхийг үндэслэл болгожээ
Албан тушаалд байгаа төрийн тэргүүн гадаад улсын шүүхэд эрүүгийн хариуцлага үл хүлээх халдашгүй эрх эдлэх зарчим нь олон улсын эрх зүйн олон зууны турш мөрдөгдөж ирсэн үндсэн зарчмуудын нэг юм. Энэ зарчим улс хоорондын дипломат харилцаанд чухал ач холбогдолтойд тооцогддог.
Мадуро Манхэттен дэх АНУ-ын холбооны дүүргийн шүүгч Элвин Хеллерстейнийг уг хэргийг хэрэгсэхгүй болгохыг ятгахыг оролдож байгаа нь олон улсын эрх зүйн зарчмыг эрүүгийн хэрэгт хэрэглэхээс АНУ-ын шүүхүүд ихэвчлэн зайлсхийдэг хандлагыг сорьсон томоохон эрх зүйн маргаан болж байна.
Мадурогийн өмгөөлөгч Барри Поллак яллах дүгнэлтийг хэрэгсэхгүй болгох хүсэлтдээ төрийн тэргүүний халдашгүй эрхийг үндэслэл болгон дурджээ. Шүүгч Хеллерстейн уг хүсэлтийг лхагва гарагт багтаан гаргах хугацааг өмгөөлөгчид өгсөн байна.
Поллак шүүгч Хеллерстейнийг уг хэргийг хэлэлцэх эрхгүй гэж үзэж байгаагаа хоёр үндэслэлээр тайлбарлажээ.
Нэгдүгээрт, тусгаар тогтносон улсын төрийн тэргүүн бүрэн халдашгүй эрх эдэлдэг. Хоёрдугаарт, Мадурогийн буруутгагдаж буй үйлдлүүд нь төрийн тэргүүний хувиар гүйцэтгэсэн албан үүргийнх нь хүрээнд хамаарах ёстой гэж үзжээ.
Поллак шүүхэд гаргасан хүсэлтдээ “Урьд өмнө байгаагүй энэ эрүүгийн мөрдөн шалгах ажиллагаа нь төрийн тэргүүн болон албан үүргийнхээ хүрээнд ажиллаж буй гадаадын төрийн албан тушаалтнууд олон зуун жилийн турш эдэлж ирсэн эрүүгийн харьяаллын бүрэн халдашгүй эрхийг зөрчиж байна” гэжээ.
Мөн Мадурод тулгасан хэргүүд үндэслэлгүй гээд “эрс няцаажээ.”
Мадурод эрх зүйн хувьд амаргүй сорилт тулгарч байна
Хууль зүйн шинжээчдийн үзэж буйгаар Мадурогийн хүсэлт амжилтад хүрэх боломж төдийлөн өндөр биш гэнэ.
Учир нь Вашингтон 2019 оноос хойш Николас Мадурог Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхөө больсон юм. Гадаад улсын төрийн тэргүүн хэн бэ гэсэн маргаантай асуудалд АНУ-ын шүүхүүд ихэвчлэн Ерөнхийлөгч болон засаг захиргааны байр суурийг харгалзан үздэг.
Тухайлбал, 1990 онд Майамигийн холбооны шүүх Панамын цэргийн удирдагч асан Мануэль Норьегаг төрийн тэргүүний халдашгүй эрх эдэлнэ гэсэн үндэслэлийг нь хүлээн аваагүй юм. Шүүхийн шийдвэрт Норьега албан ёсоор ерөнхийлөгчийн албан тушаал хашиж байгаагүй нь нэг үндэслэл болжээ.
АНУ 2018 оны Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг шударга бус, будлиантай болсон гэж үзэн 2019 онд Мадурог тангараг өргөсний дараа түүнийг хууль ёсны төрийн тэргүүн гэж хүлээн зөвшөөрөхөө больсон. Мөн Вашингтон 2024 оны Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг ч луйвар болсон гэж мэдэгдсэн.
Харин Мадуро хоёр сонгууль хоёулаа шударга явагдсан гэж үздэг төдийгүй АНУ Венесуэлийн газрын тосны асар их нөөцийг хяналтдаа авахын тулд өөрийг нь эрх мэдлээс зайлуулахыг олон жилийн турш оролдож ирсэн гэж буруутгадаг.
Поллак АНУ Мадурогийн хууль ёсны байдлыг үгүйсгэж байгаа нь түүний халдашгүй эрхийн асуудалд хамааралгүй гэжээ.
Тэрбээр “Норьегагийн хэргээс ялгаатай нь АНУ-ын гүйцэтгэх засаглал Мадурог Венесуэлийн төрийн тэргүүн байсан гэдэгтэй маргадаггүй. Харин 2019 оноос хойш тэр энэ албан тушаалыг хууль ёсоор хашиж байгаагүй гэж л үзэж байна” хэмээн бичжээ.