
Цаг үеийн асуудлаар ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл өглөө.
-Өчигдрөөс нөөцийн махыг жижиглэнгээр худалдаалахыг зогсоосон. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Засгийн газрын хуралдаанаас долоодугаар сарын 1-нээс нөөцийн махыг борлуул гэх чиглэл надад өгсөн. Өнөөдрийн байдлаар 200 орчим тонн нөөцийн мах байна. Эдгээрийг нэгдсэн цэгүүдээр зарах шийдэлд хүрсэн гэдгээ нийслэл мэдээлсэн. Гулуузаар зарах юм байна гэж ойлгосон.
-Шүлхий өвчнийг зориуд тараасан талаар УИХ-ын гишүүн мэдээлсэн. Энэ үндэслэлтэй юу?
-Төрийн өндөр алба хашиж байгаа хүний амнаас маш болчимгүй үг гарч байгаад харамсаж байна. О.Амгаланбаатар гишүүн сонин, содон юм сэтгэдэг хүн. Нэг эрийн гурван наадам ч билүү, гурван эрийн нэг наадам ч бил үү. Бодсон зүйлээ хууль болгох гээд яваад байдаг хүн. Энэ удаа бол арай хэтэрлээ. Шүлхий өвчнийг гаргахгүйн төлөө бүхэл бүтэн систем ажиллаж байгаа. Баян-Өлгий, Ховд аймагт 1000 гаруй төрийн албан хаагчид 24 цагаар ажиллаж байна. Монголын мал эмнэлгийн салбар тэр чигээрээ ажиллаж байгаа. Тэгэхээр баримтгүй, ямар зорилготой нь мэдэгдэхгүй, утгагүй зүйлийг ярьж байгааг гайхаад өнгөрсөн.
-Увс аймгийн Тэс суманд боом өвчин гарсан. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
Боом өвчин гарсан талаар мэдээлэл авсан. Нэг айлын хотонд мал нь шалтгаангүй үхсэн. Үхсэн малын сэг зэмийг тухайн айлын хоёр хүн холдуулсан. Үүний дараа нэг иргэний гар нь хавдаад эхэлсэн юм билээ. Үүний дараа мэргэжлийн байгууллагууд устгал, ариутгал хийгээд, халдвар авсан хүнийг эмнэлэгт хэвтүүлээд, арга хэмжээ авч байгаа. Амь наснаас нь хол. Гэхдээ боом бол аюултай өвчин.
-Шүлхийн вакциныг баруун аймгуудын малд өнөөдрөөс тарьж эхэлсэн үү?
Шүлхийн вакцин өнөөдрөөс Баян-Өлгий аймагт таригдаж эхэлсэн. Маргаашаас Ховд аймагт тарьж эхэлнэ. Тухайн аймгийн бүх салаа туурайтай малд тарина. Мөн Увс аймгийн хоёр суманд тарина. Долоодугаар сарын 10-даар ОХУ-аас 1 сая тун вакцин авна. Тэрийгээ ойролцоо аймгуудын малд тарьж, хамгаалалтын бүс тогтооно.