
Энэ долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 10 байр ухарлаа
"Транспэрэнси Интернэшнл" Авлигын төсөөллийн индексийн 31 дэх удаагийн тайлангаа танилцууллаа. Манай улс нийт 100 оноо авах ёстойгоор 31 оноо авч дэлхийн 182 орноос 124 дүгээр байрт жагсав. Энэ нь өмнөх оноос 10 байраар ухарсан үзүүлэлт юм.
2025 оны Авлигын төсөөллийн индекст дурдсанаар авлига дэлхий даяар улам бүр газар авч, манлайлал сулрахын хэрээр ардчилал бэхэжсэн орнуудад ч авлига ихэссээр байна. Энэ жилийн индексээс харахад арван жилийн өмнө 80-аас дээш оноо авч байсан 12 улс орон байсан бол энэ жил ердөө таван улс болж буурчээ.
Манай улсын зээлжих зэрэглэлийн үзүүлэлт тодорхой хэмжээнд өссөн боловч энэхүү өсөлт нь тогтвортой бус, түр зуурын шинжтэй байгааг анхаарах шаардлагатай гэв. Цаашлаад эрсдэл, хуулийн засаглал, ардчиллын үнэлгээний нэг чухал үзүүлэлт болох нийгмийн халамжийн бодлого оновчгүй хэрэгжиж, эдийн засгийн сангуудын үйл ажиллагаа эсрэг үр дагавар үзүүлж байгаа нь өнгөрсөн, одоо, ирээдүйд эдийн засгийн хүндрэлийг гүнзгийрүүлэх хүчин зүйл болсоор ирснийг ч уг тайланд дурджээ.
Стратегийн болон үүсмэл ордын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
Засгийн газраас уул уурхай, эрдэс баялгийн салбарт эхлүүлсэн цэгцрэх хөдөлгөөний хүрээнд стратегийн болон үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тодорхойлох, түүнийг хэрхэн эзэмших, хэрэгжүүлэх асуудлаар урьдчилан тохирч, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай хэлцэлд гарын үсэг зурлаа.
ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: 2019 онд хийсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд байгалийн баялгийн дийлэнх нь буюу 50+1 хувийг өнөөдөр амьдарч байгаа иргэдэд болон ирээдүйд амьдрах иргэддээ тэгш хүртээмжтэй өгнө гэж оруулсан. Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд Үндэсний баялгийн санг 2024 онд байгуулсан. Олон удаа яриа хэлцэл хийсний үр дүнд байгалийн баялгийн өгөөжийн 60 хувь нь Монголын ард түмэнд ногдох эрх зүйн үндсийг бүрдүүлэх тал дээр тохиролцоо хийлээ. Засгийн газар, хувийн хэвшил хамтраад хэлэлцээгээ үргэлжлүүлнэ. Эцэслэн тохирсныхоо дараа УИХ дээр эцсийн шийдвэр гарна.2030 он гэхэд иргэд дансандаа 10 сая төгрөгтэй байх зорилгын төлөө ажиллаж байна”
"MCS" группын ерөнхийлөгч Ж.Оджаргал: Төр дээрэмдэж байна гэх хэцүү. Ноднин жилээс ажлын хэсэг байгуулагдаад уул уурхайн компаниудтай олон удаагийн уулзалт хийсэн. Сүүлийн жилүүдэд уул уурхайг тойрсон улстөржилт хэрээс хэтэрлээ. Ахиу экспорт хийж байж түүнийг дагасан өгөөж нь улсад орж ирж цалин, тэтгэвэр, тэтгэмж ахиу ногдоно. Тэгэхээр уул уурхайг тойрсон хэрүүлийг цэглэе гэж бодсон. Нөгөө талаасаа нийгмийн хариуцлагын хүрээнд бид хэлэлцээрийг дэмжиж байна.
"Ачит-Ихт" компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан: Бид төрд 34 хувиа өгье гэдэг, авахгүй явсаар байсан. Хувьцаа эзэмшихгүй хоёр хувийн тусгай төлбөр авна гээд өнгөрсөн хугацаанд 40 тэрбумын төлбөр авсан. Ногдол ашиг авдаггүй хувьтай байснаас тусгай АМНАТ төлбөр авсан нь дээр гэдгийг Монгол Улс асар өндөр үнэ цэнээр ойлгосон.
Хилийн зурваст 34 227 га газар олгосон өмнөх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болголоо
Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай Засгийн газрын 2025 оны тавдугаар сарын 28-ны 262 дугаар тогтоол, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах арга хэмжээний тухай Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны 2025 оны нэгдүгээр сарын 27-ны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Төрөөс хилийн талаар баримтлах бодлого, Монгол Улсын хилийн тухай хуульд улсын хил халдашгүй дархан байх, хилийн аюулгүй байдал нь үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг болохыг тодорхой зааж хуульчилсан. Гэтэл өмнөх Засгийн газар сүүлийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах хилийн 10 боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан байна.
Боомт хөгжүүлэхтэй холбоотой 10 хилийн бүсэд боомтыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөлт хийгдээгүй байсан. Энэ бол боомтыг хөгжүүлэх гэсэн халхавчаар хууль зөрчиж газар олгосон үйлдэл.
Санхүүгийн тайлангаа ирүүлээгүй улс төрийн 6 намыг татан буулгана
Улс төрийн намууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа дараа оны хоёрдугаар сарын 10-ны дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэхээр Улс төрийн намын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 улс төрийн намаас 29 нь 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа хуулийн хугацаанд ирүүлжээ.
Улс төрийн намын тухай хуульд зааснаар хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа сонгуулийн төв байгууллагад хүргүүлээгүй бол Улсын дээд шүүх сонгуулийн төв байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд үндэслэн намыг идэвхгүйд тооцох тухай шийдвэрийг гаргахаар хуульчилсан.
2024 оны санхүүгийн тайлангаа Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Тусгаар тогтнол, Эв нэгдлийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, Монгол консерватив нам, Монголын хүний төлөө нам, нийт 9 нам ирүүлээгүй. 2025 оны санхүүгийн тайлангаа Эх орончдын нэгдсэн нам, Монголын ардчилсан хөдөлгөөний нам, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам, нийт 8 нам ирүүлээгүй байна. Тодруулбал, Монголын либерал нам, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам, Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Монгол шинэчлэлт нам, Зүй ёс нам, Ардчилал шинэчлэлийн нам 2024, 2025 оны санхүүгийн тайлангаа ирүүлээгүй байна.
ҮСХ: Улсын хэмжээнд инфляц 7.5 хувьтай гарлаа
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2026 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 7.5 хувиар өсжээ. Харин өмнөх сараас 1.1 хувиар өссөн байна. Нэгдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 7.0 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 8.9 хувь, хүнсний бүлгийн үнэ 12.4 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 5.6 хувиар тус тус өссөн байна.
Инфляцын түвшин буюу хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2025 оны нэгдүгээр сард 8.7 хувь байсан бол 2026 оны нэгдүгээр сард 7.5 хувь болж, өсөлтийн хурдац өмнөх оны мөн үеэс 1.2 нэгж хувиар буурсан байна.
Улсын инфляцад бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 1.6 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.8 нэгж хувиар тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Их хэмжээний юань, ам.долларыг хуурамчаар хэвлэн иргэдийг залилжээ
7.9 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний гадаад валютыг хууль бусаар хэвлэн, иргэдийг төөрөгдөлд оруулж залилжээ. БНХАУ-ын 100 юань дэвсгэрт 148,558 ширхэг, АНУ-ын 100 ам.долларын дэвсгэрт 1614 ширхэг байсан аж. Тус гэмт хэргийг үйлдсэн 34 настай, эрэгтэй Э, 33 настай, эмэгтэй А нарыг энэ оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Мөрдөн шалгах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид шуурхай олж тогтоон, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Хуурамчаар хэвлүүлсэн их хэмжээний гадаад валютыг оройн цагаар гэрэл муутай орчинд үзүүлэх, гэрэл зургийг нь чатаар явуулах, гүйлгээ амжилттай гэх интернет банкны хуурамч шилжүүлгийн баримт харуулах зэргээр хохирогчийг төөрөгдөлд оруулж, мөнгө зээлж, тохиромжтой үед хуурамч валютыг солиулахыг завддаг нь тогтоогдоод байна.