
АНУ болон Ираны хоорондын энхийн хэлэлцээ зогсонги байдалд орсноор дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өслөө.
Дэлхийн жишиг үнэ болох Brent хольц ням гарагт 2 хувиас дээш өсөхөд Вашингтон болон Техран хоёр дахь шатны хэлэлцээг Пакистанд хийх боломжгүй болсон нь нөлөөлсөн байна. Ханш түр буурсны дараа Brent-ийн үнэ 106.99 ам.долларт хүрчээ.
Харин Азийн хөрөнгийн зах зээлүүд энэ нөхцөл байдлыг үл харгалзан өнөөдөр өглөө өсөлттэй нээгдсэн бөгөөд Японы Nikkei 225 0.9 хувь, Өмнөд Солонгосын KOSPI 1.5 хувиар тус тус өссөн байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бямба гарагт өөрийн элч төлөөлөгчид болох Стив Виткофф, Жаред Кушнерийг Пакистан руу илгээх айлчлалаа цуцалсан байна. Үүнээс өмнө Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи Исламабадаас гарч, талууд шууд уулзалт хийх боломж бүрдээгүй юм.
Арагчи өнөөдөр ОХУ-ын Санкт-Петербург хотноо хүрэлцэн ирж, Ерөнхийлөгч Владимир Путин болон бусад албан тушаалтнуудтай уулзахаар төлөвлөжээ. Энэ нь дипломат мухардлаас гарах гарц эрэлхийлж буйтай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Өнгөрсөн долоо хоногт Трамп хоёр долоо хоногийн гал зогсоох хэлэлцээрийг сунгаснаа зарласан ч дайныг бүрэн зогсоох тохиролцооны хугацааг тодорхойлоогүй юм.
Далайн тээврийн мэдээллийн Windward платформын мэдээлснээр бямба гарагт Ормузын хоолойгоор ердөө 19 худалдааны хөлөг нэвтэрсэн байна. Харин АНУ болон Израил Ираны эсрэг дайнаа хоёрдугаар сарын сүүлээр эхлүүлэхээс өмнө өдөрт дунджаар 129 хөлөг нэвтэрдэг байсан гэж НҮБ-ын Худалдаа, хөгжлийн байгууллага мэдээлжээ.