Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг жолооч нарт зурвасаар илгээж эхэлсэн. Энэ ажлыг туршилтаар явуулан, ирэх оноос торгууль нэхэмжлэх юм байна. Харин зарим жолооч дүрэм зөрчөөгүй байхад зурвас ирж байгааг хэлж байгаа юм. Албаныхан хиймэл оюунаар зөрчил илрүүлж байгаа системийн алдааг засаж, сайжруулж байгаагаа мэдэгджээ.

Энэ талаар ЗХУТ-ийн Хөдөлгөөний хяналт зохицуулалтын хэлтсийн дарга З.Намуу "Урсгал сөрж байгаа гэх зөрчлийн мэдээлэл байгаад байна. Энэ нь уулзвар нэвтрэхтээ бусдын эгнээ рүү орж байгааг хиймэл оюун ухаан илрүүлж байгаа. Уулзвар гарцаар зүүн эргэхдээ тухайн эргэж байгаа чиглэлийнхээ зорчих хэсэг рүү буюу зогс тэмдэг рүү давж эргээд байгааг хиймэл оюун ухаан бусдын эгнээ рүү орж байна гэж таниад байгаа. Эдгээрийг сайжруулахаар ажиллаж байна" гэв.