
Үндэсний их баяр наадмын үеэр хүүхэд хамгааллыг сайжруулах зорилгоор олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдах газруудад хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг ажиллуулж байгаа талаар ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газраас мэдээллээ.
Энэ талаар ХГБХХЕГ-ын Хүүхэд, гэр бүлийн хамгааллын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Л.Бадамцэцэг “ Энэ жил улсын болон бүх аймгийн баяр наадмын үеэр хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ ажиллана. Иргэд төөрсөн, будилсан хүүхэдтэй таарвал хамгааллын байранд авчран, эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх боломжтой.
Мөн бага насны хүүхдийг төөрөх эрсдэлээс хамгаалах зорилгоор хүүхэд хамгааллын бугуйвч зүүлгэнэ. Ялангуяа тав хүртэлх насны хүүхдүүд эцэг эх, асран хамгаалагчийнхаа нэр, утасны дугаарыг сайн тогтоогоогүй байх нь элбэг тул бугуйвч дээр асран хамгаалагчийн нэр, холбоо барих утасны дугаарыг бичиж өгөх юм.
Уг бугуйвчийг зөвхөн цэнгэлдэх хүрээлэн дотор ашиглах бус, Хүй долоон худаг болон аймгуудын наадамд ижил стандарттайгаар ашиглана. Түүнчлэн хүүхэд хөхүүлэх асрыг бэлтгэн ажиллуулж байгаа" гэв.