
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод BTS хамтлаг 4 жилийн дараа тоглолтоо хийхээр болсон. Уг тоглолтод ойролцоогоор 260 000 хүн цуглана гэсэн тооцоо гарчээ.
Тоглолт энэ сарын 21-нд Сөүлийн Гванхванмун талбайд болох бөгөөд хамтлагийн шинэ цомог Arirang гарсны дараах тоглолт болж буйгаараа онцлог бөгөөд тоглолтыг Netflix шууд дамжуулна.
Цэнгэлдэх хүрээлэнд болдог тоглолтуудтай харьцуулахад Гванхванмун талбай нь төв Сөүлийн иргэдэд нээлттэй талбай бөгөөд шууд Гёнбокгун хунтайжийн ордны өмнө байрладаг. Уг ордон нь Өмнөд Солонгосын хамгийн алдартай газруудын нэг.
BTS хамтлаг 2022 оноос гишүүдийнхээ цэргийн албан үүргээ гүйцэтгэх хугацаанд ур бүтээлийн завсарлага авсан юм. Харин одоо уран бүтээлдээ эргэн орж, шинэ цомгоо гаргасан учир энэ оны 4-р сараас 2027 оны 3-р сар хүртэл 23 орны 34 хотод нийт 82 тоглолт бүхий дэлхийн аялан тоглолт хийхээр товложээ.
Гёнбокгун ордны өмнөх тоглолт үнэгүй ч ойролцоогоор 13 000 тасалбар эзэмшигчийг хашаатай гол үзүүлбэрийн бүс рүү оруулна гэдгийг тус хамтлагийг удирддаг Hybe-ийн охин компани BigHit Music мэдээлэв.
Гол бүс рүү орох боломжгүй үзэгчдэд зориулан орчны газруудад том дэлгэцүүд байрлуулна. Үзэгчдийн тоог тоглолтын тайзны ойролцоох багтаамжаар тооцоолсон гэдгийг Yonhap агентлаг мэдээлжээ.

Цагдаагийнхан тусгай нэгжүүдийг илгээж, террорист халдлагын эсрэг арга хэмжээг нэмэгдүүлнэ. Олон хүний цуглах тул удирдах, хамгаалалтын нэмэлт алба хаагчид, мэргэжлийн нэгжүүдийг дайчлах аж. Цагдаагийнхан тасалбаргүй үзэгчид урьдчилан ирэх эсвэл шөнө тухайн байрлалдаа хонож магадгүй гэсэн бэлтгэлтэй байгаа юм. Цагдаагийн мэдээллээр талбайг дөрвөн бүсэд хувааж, бүс бүрд хяналтын ажилтнуудийг томилно. Хүчирхийлэлтэй гэмт хэрэгтэй тэмцэх нэгж талбай орчмын байршихаас гадна кибер аюулгүй байдлын баг онлайн аюул эсвэл тэсрэх бөмбөгний хуурамч дохиог хянахаар бэлджээ.
Харин зохион байгуулагч Hybe ойролцоогоор 3500 ажилтан дайчилж байгаа гэх мэдээлэл цацагджээ.
Гёнбокгун хунтайжийн ордон болон Солонгосын Контемпорари түүхийн музей 3-р сарын 21-нд хаалттай байх юм. Сэжон төв болон бусад урлагийн төвүүд тоглолт, балет, жүжгүүдээ цуцалж, товлосон өдрөө шинэчилж байна.
Үл хөдлөх болон соёлын байгууллагуудын хувьд төдийгүй иргэд ч BTS-ийн тоглолтод бэлдэж байна. Тухайн өдөр хурим хийх хосууд хүн их цуглахаас шалтгаалан өдөр, цагийг өөрчилж эсвэл зочдоо нийтийн тээврээр ирүүлэхийг хүсчээ.
Тоглолт ойролцоогоор 1 цаг үргэлжлэх бөгөөд Hybe-ийн төлөөлөгчийн хэлснээр үзэгчдийн их цуглааныг тооцон, тоглолтын дараах нийтийн тээвэр, орчны оршин суугчдын шөнийн чимээг багасгах зохицуулалт хийх гэнэ.

Сөүл хотынхны бэлтгэл үргэлжилж байгаа ч орчны брэнд, бизнесүүд олон үзэгчдээс ашиг олохоор бэлдэж эхэлсэн аж.
Chosun Daily мэдээлснээр Гванхванмун хавийн 1 км-ийн радиус дахь таван одтой зочид буудлын ойролцоогоор 1500 өрөө бүгд дүүрсэн байна.
Арми (BTS-ийн дэлхийн фен клуб) нэмэгдэхтэй холбоотойгоор 100 гаруй дэлгүүр нэмэлт бэлтгэл хийж байна. 7-Eleven дэлгүүр 40 орчим салбарт гадаад хэлтэй ажилтан байрлуулж, гадаадын жуулчдад алдартай гадилтай сүү, аягатай хоол зэрэг бараагаа энгийн өдрүүдээс 10 дахин ихээр нөөцлөх гэж байна. GS25 дэлгүүрүүдийн хувьд BTS-ийн гишүүн Жинийн дэлхийн элчээр ажилладаг уламжлалт Солонгос архийг сурталчилна.
Супер Боулын halftime шоуны ихэнхийг удирдаж байсан Хэмиш Хэмилтон уг тоглолтын шууд дамжуулалтыг удирдана. Энэ нь Өмнөд Солонгосоос дэлхийд шууд дамжуулах анхны томоохон тоглолт байх юм.
Долоо хоногийн дараа Netflix нь BTS: The Return баримтат киног гаргаж, BTS-ийн студид эргэн ирэх, Сөүлд тоглолтод бэлдэх үйл явцыг үзүүлнэ.
Шоу бизнесийн салбарын таамгаар BTS-ийн эргэн ирэлтээс тасалбар, бараа бүтээгдэхүүн, цомог, лиценз, стримингийн орлого нийлээд 10 сая ам.доллараас давсан ашиг олох тооцоо гарчээ.