XXI зууны дэлхий ертөнцийн зураглалд том гүрнүүдийн дуу хоолой давамгайлдаг. АНУ, ОХУ, Хятад, Европын холбоо гэх мэт хүчирхэг тоглогчид дэлхий дахины геополитикийн дүрмийг зохиодог мэт боловч үнэндээ жижиг улсуудын ухаалаг дипломат бодлого энэ дүрмийн нууц түлхүүрийг өөрчилж чадахыг катар улсын жишээ бэлхнээ харуулж буй.
Ердөө 50 жилийн өмнө Британийн эзэмшлээс гарч газрын тос, байгалийн хийн экспортоор баялагтаа эзэн суусан жижиг улс өнөөдөр дэлхийн хамгийн ээдрээтэй асуудлуудын ард нэр нь бичигддэг, олон улсын маргаанд эвлэрүүлэгчийн дүрээр нэрээ дуурьсгах боллоо. 2022 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг амжилттай зохион байгуулснаар дэлхий дахинд нэр хүндээ өсгөсөн “Катарын IPO” дараагийн шатанд геополитикийн өрөг дээр үргэлжилнэ.
2025 оны зургаадугаар сарын 13-ны өглөө, Израил улс Ираны нутаг дэвсгэрт цохилт өгснөөс хэдхэн цагийн дараа Дональд Трамп эхний дуудлагаа Катарын эмир рүү хийв. Цагаан ордон шейх Тамимд ийнхүү найдсан нь Ираны Ерөнхийлөгч Масуд Пезешкианыг яриа хэлэлцээрт татан оруулах явдал байв. Харин Пезешкиан “Иран ярилцахад бэлэн ч, буун дуу тасраагүй цагт хэлэлцээр хийхгүй” гэсэн хатуухан хариу барьжээ. Катарын баялаг далайн гүнд орших, хөрш Ирантайгаа хамтран эзэмшдэг байгалийн хийн ордоос хамаардаг. Хөрш орнуудын харилцааг найрсаг байлгах шалтгаан ч чухамхүү эдгээр орд. Гэвч нөгөө талдаа Катар Ираны хамгийн том сөргөлдөгч болох АНУ ын үнэнч холбоотон төдийгүй бүс нутагт орших хамгийн том Америкийн цэргийн баазыг нутагтаа байрлуулдаг. Хэрэв АНУ дайнд татагдан орвол Катар шууд бай болж хувирах тул Дохагийн эрх баригчид “халуун бууруулах” гарц хайж эхэлжээ. Зургаадугаар сарын 22-нд АНУ Ираны гурван цөмийн байгууламжийг бөмбөгдсөн нь катарчуудын хувьд төсөөлөшгүй хувилбар. Гэхдээ 48 цагийн дотор мөргөлдөөн дуусгавар болж, Катар төгсгөлд нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн юм.
Зургаадугаар сарын 23-нд Иран Катарын зүг пуужин хөөргөж, 10 мянган америк цэрэг байрлаж буй “Аль Удейд” баазыг онилсон нь орчин үеийн Катарын түүхэнд анх удаа цэргийн халдлагад өртсөн тохиолдол болов. Гэтэл энэ халдлага жинхэнэ довтолгоо бус харин Иран, АНУ, Катар гуравын хооронд урьдчилан тохирсон, нарийн дэглэсэн жүжгийн нэг хэсэг байжээ.
Довтолгооноос хэдхэн цагийн өмнө Иран америкчуудад пуужин харвана гэдгээ анхааруулсан тул Катар урьдчилан агаарынхаа орон зайг хамгаалсан. Катар довтолгоог эрс буруушаасан ч хариу цохилт өгсөнгүй. Энэ явдлаар Иран нэр төрөө аварч харин АНУ-ын эзэмшлийн объект руу бэлгэ тэмдэг төдий цохилт хийх боломж олгосон Катар хурцадмал байдлыг намжааж чадахаа харуулсан билээ.
Аль Удейдийн довтолгооны дараа Трамп дахин катаруудыг түшин Израилийн зөвшөөрсөн гал зогсоох саналд Ираныг ятгах ажилд туслахыг хүссэн байна. Улмаар зургаадугаар сарын 24-нд Катарын Ерөнхий сайд Шейх Мохаммед бин Абдуррахман бин Жассим аль-Тани Ираныг дайсагналыг зогсоохоор зөвшөөрүүлж чаджээ. Ийнхүү Катар дайны гал дундаас энх тайвныг авчирч чадсан юм.
Үүнээс өмнө Катарын нэр хамгийн тод дуулдсан түүхэн мөч бол 2020 оны хоёрдугаар сарын Дохад болсон АНУ–Талибан хөдөлгөөний энхийн хэлэлцээр. Хорин жилийн турш үргэлжилсэн Афганы дайныг эцэслэх замд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Талибаны удирдагчид нэгэн өрөөнд сууж, гарын үсэг зурсан мөчийг дэлхий даяар харсан. Афганистаны асуудал Кабулын гудамжинд биш, харин Доха хотноо ширээний ард шийдэгдсэн нь Катар олон улсын зуучлалын шинэ төв болсныг баталсан юм.
Доха хотноо томоохон хэлэлцээрүүд өрнөсний заримаас дурдвал Оросоос украин хүүхдүүдийг буцаан авчрах ажиллагаа, Иранд баривчлагдсан америк иргэдийг суллуулах, ХАМАС ын гарт буй Израилийн иргэдийг чөлөөлөх асуудал, мөн энэ оны эхээр Газад байгуулсан түр гал зогсоох хэлэлцээр зэрэг нь бүгд Катарын зуучлалаар явагдсан.
2025 оны наймдугаар сарын байдлаар Катар арван идэвхтэй зуучлал хөтөлж байна. Тэдгээрийн зарим нь Дохад өрнөж байгаа бол зарим нь гадаад орнуудад явагдаж буй. Зуны төгсгөлд Катарын төлөөлөгчид Вашингтон хотноо Ардчилсан Конго улс болон Руандагийн энхийн гэрээнд гарын үсэг зурахад оролцсон нь оны эхээр Дохагаас эхлүүлсэн хэлэлцээний бодит үр дүн юм.

Тусгаар тогтноод ердөө 54 жил болж буй Катарын хүн ам гуравхан сая. Тэдгээрийн 13 хувь нь уугуул үндэстэн бол үлдсэн нь голдуу Арабын ертөнц, Энэтхэгийн хойг болон Филиппинээс ирсэн цагаач ажилчид.
Исламын ертөнц ба өрнөдийн зааг дээр оршдог Катар том гүрнүүдийн алинд ч илт тал засахгүй, төвийг сахих бодлого барьснаар мөргөлдөөнд оролцож буй талуудад итгэл төрүүлдэг. Нөгөө талаар Катар бол баян атлаа ядуу хүний сэтгэлгээг тээсэн улс, хүчирхэг атлаа сул орны болгоомжлолыг хадгалсан орон. Тогтворгүй бүс нутагт орших жижиг улсын хувьд Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Ираны сүр хүчээс эмээх нь ч аргагүй биз.
1971 онд Британийн эзэмшлээс гарсан эхний жилүүдэд Катарыг дэлхий нийтэд таниулах юу ч байсангүй. Хөрш Саудын Арабын харьяат мэтээр л үзэгддэг байсан Катараас 1990-ээд онд байгалийн хий олдсоноор бүх зүйл эрс өөрчлөгдсөн. Өдгөө Катарын ДНБ нь 220 тэрбум ам.доллароор хэмжигдэж буй ч байгалийн баялаг аюулгүй байдлын баталгаа биш гэдгийг тус улсын эмирээр үе улиран суух Аль Танигийн гэр бүл сайтар мэдэрдэг.
Шингэрүүлсэн хийн зах зээлийн томоохон тоглогчийн хувиар Катар эдийн засгийн асар их чадавхтай. Энэ нь тэднийг зөвхөн хэрэглэгч бус, дэмжигч, хөрөнгө оруулагчийн дүрийг дипломат ажиллагаандаа ашиглах боломж олгодог. Зуучлалын ард эдийн засгийн баталгаа байвал талуудын итгэл нэмэгддэг нь зүй ёсны хэрэг.

Басхүү Катар зуучлалын ажилдаа хөрөнгө оруулалт, түүхий эдэд нэвтрэх боломж эсвэл хэлэлцээр хийсний дараах үйл явцад оролцох эрх зэрэг бодит шагнал хүсдэггүй. “Тэд оролцогчдоос юу ч хүсдэггүй” гэж саяхан Катарын зуучлалд оролцож байсан нэгэн эх сурвалж хэлсэн бол нөгөө тал үүнтэй санал нийлж “Тэдний хүссэн зүйл нь зөвхөн өөрсдийгөө чухал тоглогч гэдгийг хүлээн зөвшөөрүүлэх байсан” гэжээ. Тэгэхээр зуучлалын шагнал нь зөвхөн нэр хүнд, итгэлцэл бий болгох юм.
1996 онд байгуулагдсан “Al Jazeera” суваг зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш, Катарыг дэлхий дахинд харагдуулах хамгийн том цонх болдог. Энэ сувгаар дамжуулан Катар өөрийгөө ардчиллын дуу хоолой, чөлөөт мэдээллийн төв болгон харуулж чадсан. Шинэ сувгаар бүс нутгийн соёлын нөлөөллөө түгээхийн зэрэгцээ Qa tar Investment Authority-ын тусламжтайгаар санхүүгийн хүчээ ч өргөжүүлжээ.
Тухайлбал, эзэнт гүрнийх нь зах хязгаарт тооцогдож явсан Их Британид Катарын төрийн байгууллагууд болон хувийн хөрөнгө оруулагчид нийт 100 тэрбум фунт стерлингийн үл хөдлөх хөрөнгө худалдан аваад байна. Францад 2011 онд ПСЖ хөлбөмбөгийн клубыг, АНУ-д 2016 онд Mi ramax студийг, мөн тэр ондоо Сингапурт алдарт Asia Square Tower 1-ийг эзэмшиж эхэлжээ.
Мэдээж бүх зүйл зөвхөн магтаал дагуулахгүй. Зарим улс Катарын зуучлалын бодлогыг өөрийн байр сууриа өсгөх, олон улсын тавцанд нэр хүндээ өргөх “зөөлөн хүчний стратеги” гэж шүүмжилдэг. Мөн Катар дотооддоо хүний эрхийн асуудлаар олон улсын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртдөг. 2022 оны ДАШТ-ийг зохион байгуулах явцад цагаач ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, эрхийн асуудал хөндөгдөж, энэ нь тэдний “энхийн элч” дүртэй илт зөрчилдөж харагдсан.

Катар хойшид Ойрхи Дорнодын мөргөлдөөнийг зохицуулах байнгын төв болохыг зорьж байна. Израиль-Палестины асуудал, Йемений хямрал, Сирийн иргэний дайн зэрэг олон асуудалд Катарын нэр тогтмол сонсогдох нь лавтай. Судан, Чад, Сомали зэрэг Африкийн мөргөлдөөний бүс нутагт ч Катар ажил хэргээ хэдийнэ өрнүүлж эхэлсэн. Африк тивд дипломат зуучлалын шинэ талбар үүсгэж нөлөөгөө тэлэх боломжоос тэд татгалзахгүй. Ингэхдээ зөвхөн хэлэлцээрийн ширээ бус, эдийн засгийн хөгжлийн гарцыг санал болгодог улс болох зорилго тавьж байна. Үүний зэрэгцээ зөвхөн дайн, мөргөлдөөн бус дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдлын асуудалд зуучлагчийн дүрээр гарч ирэх алсын хараа ч буй аж.
Элсэн цөлийн жижигхэн улс Катар дэлхийн хамгийн том асуудлуудын шийдэлд оролцож буй нь өөрөө нэн сонин үзэгдэл.
Тэдний барьж буй гүүр зөвхөн нэг удаагийн хэлэлцээрээр дуусахгүй, харин ирээдүйд энх тайвны шинэ дүрмийг тодорхойлох чухал хүчин зүйл болж чадна гэдэгт катарууд итгэж байгаа.