
Италийн Сицили арлын эргээс 2000 гаруй жилийн настай гэж үзэж буй Эртний Ромын үеийн усан онгоц илрүүлжээ. Энэ нь сүүлийн жилүүдийн хамгийн чухал археологийн олдворуудын нэг болж байна.
Италийн хэвлэлүүдийн мэдээлснээр, мэргэжлийн шумбагчид Сицилийн баруун хэсэгт орших Мазара-дель-Валло хотын ойролцоо, усны гадаргаас ойролцоогоор 46 метрийн гүнээс усан онгоцны хэсгийг илрүүлжээ. Тэдэнд нутгийн загасчдаас мэдээлэл ирсний дараа эрлийн ажиллагаа явуулсан аж.
Чөлөөт шумбагч Жакомо Де Мола усан онгоцны дотор эртний дарс, тос, үр тариа тээвэрлэхэд ашигладаг байсан хэдэн зуун шавар сав маш сайн хадгалагдсан байдалтай байсныг олжээ.
Тэрээр цахим хуудастаа "Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн гайхалтай нээлт гэдэгт эргэлзэхгүй байна" хэмээн бичжээ. Мөн "Далай биднийг гайхшруулахаа хэзээ ч больдоггүй. Энэ удаа бид зүгээр нэг сүйрсэн онгоц олоогүй, түүхийнхээ нэг хэсгийг оллоо" гэжээ.
МЭӨ I-II зууны үеийнх байж болзошгүй
Италийн Соёлын сайд Алессандро Жули энэ олдворыг "сүүлийн жилүүдийн усан доорх археологийн хамгийн чухал нээлтүүдийн нэг" хэмээн тодорхойлсон байна.
Тус яамны урьдчилсан үнэлгээгээр усан онгоц нь МЭӨ I эсвэл II зууны үед хамаарах аж.
Жули "Далай бидний түүхийн үнэт хэсгүүдийг эргүүлэн авчирсаар байна. Мазара-дель-Валлогийн сүйрэл нь Газар дундын тэнгисийг соёл иргэншлүүдийн уулзвар болгосон хүмүүс, зам харилцаа, худалдаа солилцооны тухай өгүүлж байна" гэжээ.
Тэрээр судалгааны ажил үргэлжилж, усан онгоцны түүхийг нарийвчлан тогтоож, олдворыг олон нийтэд хүргэнэ гэж мэдэгдсэн байна. Орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр усан онгоц 21 метр орчим урт, 6 метр орчим өргөнтэй байжээ.
Соёлын яамны мэдээлснээр сүйрэл дотор Dressel 1A төрлийн нарийхан хэлбэртэй, дарс тээвэрлэх зориулалттай хэдэн зуун амфора байсан байна. Археологичид олдворыг "маш сайн хадгалагдсан" гэж үнэлжээ.
Одоо Далайн асуудал хариуцсан Соёлын өвийн газар уг газрыг нарийвчлан баримтжуулж, судлан, археологийн хувьд зөв зохистой нөхцөлд бүртгэхийн зэрэгцээ хамгаалах арга хэмжээ авах боломжтой болж байна.