Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” тэмцээн өнөөдөр Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод эхэлнэ. Өчигдөр Олон улсын жүдогийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурал болж олон улсын тэмцээнд үндэснийхээ бэлгэдлийн дор оролцох эрхийг ОХУ-ын жүдочдод сэргээн олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргажээ. Энэ талаар IJF буюу олон улсын жүдогийн холбооны албан ёсны сайтад мэдээлсэн байна. Уг шийдвэр гарснаар өнөөдөр эхлэх Абу-Дабигийн “Их дуулга” тэмцээнд ОХУ-ын жүдочид төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэх эрхтэй болж байна. Энэ шийдвэрийн эхлэл өнгөрөгч зургаадугаар сард Унгарын Будапешт хотод болсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тавигджээ. Тухайн үед ОХУ-ын спортын сайд Михаил Дегтярев Олон улсын холбоодын ерөнхийлөгч нар, Олон улсын олимпын хорооны зарим гишүүдтэй уулзаж, ярилцсан байна. 2025 оны ДАШТ-д ОХУ-ын жүдочид бие даасан статустайгаар оролцсон билээ. Харин өчигдөр болсон Олон улсын жүдогийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар Беларусийн тамирчдад үндэсний бүрэн төлөөллийг нь сэргээн олгосонтой холбогдуулан Оросын тамирчдад мөн ижил нөхцлөөр тэмцээнд оролцохыг зөвшөөрөх нь зүйтэй гэж үзжээ.
Өнөөдөр эхлэх Абу Дабигийн “Их дуулга” тэмцээнд ОХУ-ын эрэгтэй 12, эмэгтэй долоо, нийт 19 жүдоч барилдана.


