Их зохиолч Д.Нацагдорж ердөө 31 наслахдаа төрийн хар хүн, зохиолч, эрдэмтэн гэх гурван морь хөлөглөсөн нэгэн байв. Цагийн эрхээр аливаа юмс бүдгэрдэг жамтай. Энэхүү үл үзэгдэх мөнхийн зүүний эргэлтэд элэгдэлгүй өнөө цагт үлдэж, ирээдүйд ч үл мартагдах нь Д.Нацагдоржийн уран бүтээл юм. Ийнхүү түүний амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлэх “Найрагчийн мөрөөр” төслийн санаачлагч, “Urga Books” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч, “Дурсамжийн газрын зураг” номын зохиолч, утга зохиол судлаач У.Бямбанямтай ярилцлаа.