
Туркийн нийслэл Анкара хотын Голбашы дүүргийн Ояжа хороололд орших Күлхөюк тосгонд хийсэн малтлагын үеэр 66 сая жилийн настай чулуужсан дунгийн үлдэгдэл олджээ.
Судлаачдын урьдчилсан тогтоосноор уг чулуужсан үлдэгдэл нь эртний Тетис тэнгисийн сүүлчийн үе шатанд амьдарч байсан хэвэл хөлт нялцгай биетэн буюу "Gastropoda" бүлгийн амьтанд хамаарах аж. Тухайн үед Тетис тэнгис одоогийн Төв Анатолийн өргөн уудам хэсгийг хамарч байжээ.
Олдворыг илүү сонирхолтой болгож буй зүйл нь Күлхөюкийн суурин 5000 орчим жилийн настай Хатти, Хиттийн үеийн дурсгалт газар юм. Иймээс судлаачид уг чулуужсан дунг эртний оршин суугчид өөр газраас олж, сууриндаа авчирсан байж болзошгүй гэж үзэж байна.
Хэрэв уг таамаг цаашдын судалгаагаар батлагдвал хэдэн мянган жилийн өмнөх хүмүүс ховор, ер бусын байгалийн зүйлсийг цуглуулж, хадгалдаг байсан эсэхийг судлах шинэ боломж нээгдэх юм.