
16 болон 32 настай эмэгтэйн амь насыг хөнөөсөн гэх Ц.Дагвадоржид холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай болж шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Шүүх хурал 2026 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр товлогджээ.
16 настай хохирогчийн өмгөөлөгч: Урьдчилсан хэлэлцүүлэг яллагдагч Ц.Дагвадоржийн хүсэлтээр зарлагдсан. Гэвч тэрээр өөрийн хүсэлтээсээ татгалзсан. Улмаар шүүх хурал нэгдүгээр сарын 22-ны өдөр товлогдлоо.
Хэргийн эргэн сануулбал, Чингэлтэй дүүргийн 20 дугаар хороонд оршин суух 20 настай Ц.Дагвадорж нь 16 болон 32 настай хоёр эмэгтэйг хөнөөж, гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд амь хохирогчдын цогцсыг чемодан, хувцасны шүүгээнд хийж нуусан онц ноцтой хэрэг гарсан.
Прокуророос тухайн хэрэгт холбогдуулан Ц.Дагвадорж, Х.Энхсайхан нарт Эрүүгийн хуулийн дагуу яллаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх тус хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулж, улмаар хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар прокурорт буцаасан юм. Тэгвэл тус хэргийг шалгаж дуусаад, дахин шүүх рүү шилжүүлсэн байна. Ийн хохирогчоор татагдаад байсан Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарыг яллагдагчаар татаад буй.