
СОР17 хурал өнөөдөр тав дахь өдрөө үргэлжилж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт”-ад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцлоо. Форумын дээд түвшний яриа хэлэлцээнд орон нутгийн болон бүс нутгийн засаг захиргааны удирдлагууд, Талуудын өндөр түвшний төлөөлөгчид, санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, иргэний нийгэм болон бусад гол оролцогч талууд оролцож, олон талт засаглал, түншлэлээр дамжуулан UNCCD-ийн хэрэгжилтийг урагшлуулахад орон нутгийн “манлайллыг ахиулах” талаар санал солилцлоо.
Чуулга уулзалтын нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож үг хэлэв. Тэрээр “Хурлаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва: Дэлхийн улс орнуудын адил Монгол орон газрын доройтол, ган гачиг, цөлжилтийн асуудлын сорилт, бэрхшээлийг дагуулж байна. Өнөө цаг үед дэлхийн хотууд байгаль, газарзүй, уур амьсгалын өөр өөр нөхцөлд хөгжиж байгаа ч тулгарч буй сорилт нь улам бүр ижил болж байгааг харуулж байна. Байгаль, хот хоёр тусдаа оршдоггүй гэдгийг бид өдөр тутмын амьдралаасаа мэдэрч байгаа билээ. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, түүнээс үүдсэн шар шороон шуурга зэрэг сөрөг үр дагавар нь нэг улсын хилээр хязгаарлагдахгүй. Тиймээс нэг улс, нэг хот шийдэх боломжгүйг бидэнд сануулж хотуудын түншлэл, олон улсын нягт хамтын ажиллагааг шаардаж байна. Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал бидэнд олон улсын сайн туршлагаас суралцахын зэрэгцээ бүс нутгийн хувьд тулгарч буй сорилт, шийдлийг бусадтай хуваалцах, хамтдаа шийдвэрлэх томоохон боломж гэж харж байна. Улаанбаатар хот нь Монгол Улсын ДНБ-ний 70 орчим хувийг бүрдүүлдэг. Эдийн засаг, санхүүгийн хамгийн том төв юм. Энэ ч утгаараа хотуудын түншлэл, ногоон эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих замаар бэлчээрийн доройтлыг бууруулахад гол үүрэг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна.
“Хотын дарга нарын чуулга уулзалт”-аар хотуудын нийтлэг байр суурь хамтын зорилтыг илэрхийлэх Улаанбаатарын тунхаглал тэдгээрийг бодит ажил, хөрөнгө оруулалттай уялдуулах Улаанбаатарын санаачилгыг дэвшүүлэхээр төлөвлөж байна. Хурлаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхэд хотуудын түншлэл, хөрөнгө оруулалтын боломж нь олон улсын хамтын ажиллагааны чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна гэлээ.
Хотын дарга нарын форумын талаарх мэдээллийг 13:15 цагаас хийнэ. Уг хуралд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, зохион байгуулагч талын төлөөлөгч, хүндэт зочин Б.Пүрэвдагва, ХБНГУ-ын Бонн хотын орлогч дарга, доктор Урсула Сауттер, Францын Од /Aude/ мужийн департаметын Европ болон олон улсын харилцаа хариуцсан зөвлөх ноён Андре Виола болон НҮБ-ын Хүн амын нутагшил, суурьшлын хөтөлбөрийн Global Solutions газрын бодлого, хууль тогтоомжийн хэлтсийн дарга Фиона МакКлуни нар оролцоно.