
Крымд болсон бөмбөгдөлтийн улмаас 2014 онд Москва хойгийг өөртөө нэгтгэх үед Орост урвасан Украины шумбагч онгоцны командлагч асан амиа алдсан гэх мэдээлэл цацагдлаа.
Оросын эрх баригчид Крымын хамгийн том хот болох Севастопольд Оросын цэргийн алба хаагчийг онилсон халдлагын үеэр командлагч амиа алдсан аж. Уг халдлагыг үйлдсэн байж болзошгүй эмэгтэйг баривчилсан гэж мэдээлсэн. Гэхдээ онилсон цэргийн алба хаагчийн нэрийг тодруулаагүй байна.
Харин албан бус Telegram сувгуудын мэдээлснээр уг офицер нь Украины цорын ганц шумбагч онгоц болох “Запорожье”-гийн командлагч асан Роберт Шагеев байсан бөгөөд тэрээр Москва 2014 онд Крымыг өөртөө нэгтгэх үед Оросын талд орсон гэдэг.
2014 онд Украины Батлан хамгаалах яамны төлөөлөгч CNN-д мэдээлэхдээ, “Запорожье” шумбагч онгоцыг эзлэн авч, командлагч нь түүнийг орхисны дараа Оросын Тэнгисийн цэргийн флотын далбааг мандуулсан гэж хэлж байжээ.
Севастополь хотын захирагч Михаил Развожаев уг сэжигтэн “Украины тагнуулын байгууллагуудын заавраар” ажилласан гэж Telegram хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм. Украин уг халдлагын талаар одоогоор олон нийтэд тайлбар хийгээгүй байна.
Оросын төрийн мэдлийн “Россия 24” телевиз Холбооны аюулгүй байдлын алба буюу ФСБ-гийн мэдээллийг иш татан, бөмбөгийг Севастополь хотын баруун хэсгийн хөл хөдөлгөөн ихтэй зам болох Столетовскийн өргөн чөлөөний ойролцоох цэцэрлэгт хүрээлэнгийн хогийн саванд байршуулж офицер хажуугаар нь өнгөрөх үед сэжигтэн алсын зайнаас дэлбэлсэн гэж мэдээлжээ.
Оросын эрх баригчид өмнө нь мөн хэд хэдэн аллагын хэрэгт Украиныг буруутгаж байсан. Тухайлбал, 2025 оны дөрөв болон арванхоёрдугаар сард Москвад Оросын хоёр генералыг хөнөөсөн хэргүүд багтжээ.
Мөн Севастопольд өөр нэг дэлбэрэлт болж, дөрвөн оросын цэргийн алба хаагч болон нэг хамгаалалтын ажилтан буюу нийт таван хүн амиа алдсан гэж Развожаев мэдээлсэн байна. Түүний хэлснээр, тэд Украины халдлагын дараа бөмбөгдөлтөд өртсөн бүсийг цэвэрлэж байх үед тэсрэх төхөөрөмжийн нэг нь дэлбэрчээ.