
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийн хугацаагаа дуусгалгүй албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө мягмар гарагт мэдэгдсэн. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн гишүүд асуулт асууж, үг хэлсэн. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс УИХ-ын гишүүд болон ард иргэддээ хандан үг хэлэв.
Ингээд Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад 104 гишүүн оролцож, 92.3 хувийн саналаар дэмжигдлээ.
Ийнхүү 2019 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу 6 жилээр сонгогдсон анхны Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хугацаа дуусахаас 221 хоногийн өмнө өөрийн хүсэлтээр чөлөөлөгдлөө.
Ээлжит сонгууль явагдах хүртэлх хугацаанд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэгжүүлнэ.