
Дайн Ормузын хоолойн тээврийг саатуулж, түлш болон тээврийн үнэ огцом өсөхийн хэрээр Панамын суваг урьд урьдынхаас илүү их ачаалалтай ажиллаж эхэлжээ.
Хойд ба Өмнөд Америкийн хоорондох нарийн хэсэгт Атлантын болон Номхон далайг холбодог уг сувагт нэвтрэх усан онгоцны тоо “бага зэрэг нэмэгдсэн” гэж Панамын сувгийн орлогч захирагч Иля Эспино дэ Маротта мэдэгдсэн байна.
Тэрээр CNN-д өгсөн мэдэгдэлдээ “Сүүлийн үед нэвтрэлтийн тоо бага зэрэг нэмэгдэж байна. Одоо түлшний үнэ өссөн тул Панамын суваг илүү сонирхолтой маршрут болж байна. Учир нь энэ зам маш богино” гэжээ.
Ойролцоогоор 50 милийн урттай Панамын суваг нь Египетийн Суэцийн сувгаас хоёр дахин богино юм. Панамын сувгийн орлогч захирагч Эспино де Маротта мөн энэ жил хуурай улирал ердийнхөөс илүү чийглэг байсан учраас “өдөрт 40–41 усан онгоц нэвтрүүлэх боломжтой болсон. Харин хэвийн үед энэ тоо 36 байдаг” гэж хэлжээ.
Панамын суваг үндсэндээ “усны лифт” шиг ажилладаг. Сувгийн түгжээнүүдэд усны түвшинг зохицуулж, усан онгоцыг дээш, доош өргөж хөдөлгөдөг. Энэ нэмэгдэл нь 2023–2024 онд Эль Ниньо цаг уурын үзэгдлийн үеэр Панамд болсон хүчтэй ган гачгийг бодвол илүү онцгой үзэгдэл юм.
Эль Ниньогийн үеэр ган гачиг болж, сувгийг тэжээдэг Гатун нуурын усны түвшин түүхэн доод хэмжээнд хүрсэн. Үүний улмаас өдөрт нэвтрэх усан онгоцны тоо 36-аас 24 болж буурч байв.
“41 эсвэл 42 тооны нэвтрэлт удаан хугацаанд тогтвортой байх боломжгүй. Гэхдээ бид өдөрт ойролцоогоор 38 нэвтрэлтийг тогтмол хадгалж чадна. Ингэснээр салбарынхаа хэрэгцээг хангаж байна” гэж Панамын сувгийн орлогч захирагч Иля Эспино дэ Маротта хэлсэн байна.
Сувагт шинээр нэмэгдэж буй үйлчлүүлэгчид хаанаас ирж байгаа талаар нарийн мэдээлэл байхгүй гэнэ. Гэхдээ тэд өмнө ашиглаж байсан маршрутын оронд энэ сувгийг ашиглаж байгаа нь ойлгомжтой.
Ойрх Дорнодын эрчим хүчний зах зээлийг хүмүүс ихэвчлэн нефтьтэй холбодог ч шингэрүүлсэн байгалийн хий (LNG) мөн энэ бүсээр их хэмжээгээр тээвэрлэгддэг. US Energy Information Administration-ийн мэдээлснээр дэлхийн LNG худалдааны бараг 20 хувь нь Ормузын хоолойгоор дамждаг байна. Дайнаас болж уг хоолой бараг хаагдсанаар АНУ-ын шингэрүүлсэн байгалийн хийн тээврийн үнэ дөрөв дахин өссөн бөгөөд Азийн зах зээл түлшний шинэ төв болж эхэлжээ.
Азийн түлшний 80 хувь нь энэ хоолойгоор дамждаг бөгөөд дайн эхэлснээс хойш АНУ-аас Европ руу явж байсан шингэрүүлсэн байгалийн хийн дор хаяж дөрвөн ачаа Ази руу чиглэлээ өөрчилсөн байна.
Азийн худалдан авагчид шингэрүүлсэн байгалийн хийг Панамын сувгаар тээвэрлэх боломжтой эсэхийг асуухад Эспино де Маротта ийм боломж байж магадгүй гэж хэлжээ.
“Гэхдээ одоогоор Орос Европтой холбоотой нөхцөл байдалтай байгаа. Тиймээс АНУ-д зүүн эргээс Европ руу шингэрүүлсэн байгалийн хий илгээх нь илүү ашигтай байгаа” гэж тэр тайлбарласан байна. Гэсэн ч дайн үргэлжилж, Ормузын хоолойгоор зорчих хөдөлгөөн хязгаарлагдмал хэвээр байвал Панамын суваг дэлхийн түлшний илүү их урсгалыг хүлээн авахад бэлэн гэж захиргаа үзэж байна.