
АНУ-ын Флорида мужид ням гарагт бизнесийн зориулалттай тийрэлтэт онгоц орон сууцны хорооллын гудамжинд унаж, онгоцонд зорчиж явсан есөн хүн бүгд амиа алдсан гэж АНУ-ын Тээврийн сайд мэдэгджээ.
Осол орон нутгийн цагаар 12:50 цагт Палм-Бич тойргийн чинээлэг дүүрэгт байрлах Ерөнхийлөгч Дональд Трампын Мар-а-Лаго амралтын газраас есөн миль орчим зайд, Крестхейвен орчимд гарсан байна.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны мэдээлснээр уг онгоц Техас мужийн Остин хотоос хөөрч, Багамын арлуудыг зорьж явжээ.
АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлэл болон нислэгийн хөдөлгөөний шинжилгээнээс үзэхэд онгоц осолдохынхоо өмнө секунд тутамд хэдэн зуун футээр доошилж байжээ.
Ослын өмнөхөн бичигдсэн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн радио бичлэгт нисгэгч онгоц минутанд 10 мянган фут хурдтай доошилж байгааг хэлж буй нь сонсогдсон гэж CBS News мэдээлжээ. Үүний дараа нисгэгч онц байдал зарлаж, “Бид хэт хурдтайгаар минутанд 20 мянган фут доошилж байна” гэж хашхирсан байна. “Бид сүйрэх нь... Бидэнд цаг үлдсэнгүй” гэж нисгэгч нислэгийн удирдлагын төвд хэлжээ.
Ослын үед онгоцонд яг хэн зорчиж явсан нь одоогоор тодорхойгүй байна. АНУ-ын Тээврийн сайд Шон Даффи уг ослыг “аймшигтай эмгэнэлт явдал” хэмээн тодорхойлж, Үндэсний тээврийн аюулгүй байдлын зөвлөлийн мөрдөн шалгах ажиллагаанд туслах багийг ослын газарт илгээж байгааг мэдэгдсэн байна.
Палм-Бич тойргийн Шерифийн албаны мэдээлснээр осол зургаан эгнээтэй, худалдааны байгууллага болон хоолны газрууд олноор байрладаг Милитари Трэйл замд болжээ. Ослын хүчтэй цохилтын улмаас ус дамжуулах шугам зэрэг орон нутгийн дэд бүтцэд ихээхэн хэмжээний хохирол учирчээ. Замыг дахин нээхэд дор хаяж 30 хоног шаардлагатай гэж албаныхан мэдэгдсэн байна. Осол болох үеэр тухайн бүс нутагт аянга цахилгаантай бороо орж байсан бөгөөд хэвлэлийн бага хурал хийх үед ч ширүүн бороо үргэлжилж байжээ.